Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах зөвлөмжийг хүргэж байна
Цаг агаар дулаарч байгаа энэ өдрүүдэд гол, нуурын мөс цөмөрснөөс, мөн хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замд гулгаа үүссэнээс осол зөрчил нэмэгдэх хандлагатай байна.
Иймд төв, орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд:
1. Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга нар Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасны дагуу гол, нуурын мөс хөлдөх, хайлах, халиа, цөн түрэлт явагдаж, шар усны үер дуустал хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох болон Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу зохих шийдвэрийг гаргаж мөрдүүлж ажиллах;
2. Цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлт эхлэх, дуусах хугацаа, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоож ажиллах;
3. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулах, мөсөн замын тээврийн үйлчилгээг эхлүүлэх, дуусгах хугацаа болон тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох асуудлыг Усан замын тээврийн тухай хуулийн 7.1.4-т заасны дагуу усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж байх;
4. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авахын зэрэгцээ эвдэрч нурсан зам, гүүр, нимгэрч цөмөрч хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх, хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх;
5. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагууд хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын техникийн аюулгүй байдал хангагдсан тээврийн хэрэгсэлээр зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагааг чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;
6. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх;
7. Авто замын хариуцагч байгууллагаас замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд гольдрил доторх гүүрийн тулгуур, мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтанд орохоор байвал хамгаалах арга хэмжээг авах;
8. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд жолооч нартаа тээвэрт гарахын өмнө цас, мөсний хайлалт, шар усны үер гарсан болон тэдгээрийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг өгч, түүгээр явахгүй байх талаар сэрэмжлүүлэх;
9. Авто замын даваа хаагдан хальтиргаа, гулгаа, шар усны үер үүссэн нөхцөлд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудын улсын хэмжээнд 47 цэгт ажиллаж буй шуурхай ажлын хэсэг, өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, хальтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах;
10. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР