Аргентин, Монголын иргэд харилцан визгүй зорчино
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 9-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, талууд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэв. Аргентин Улс нь малын гоц халдварт өвчнийг бүрэн устгасан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв. Тус улс Индонез Улсад сүүн бүтээгдэхүүний технологийг сайжруулах, Камбож Улсад малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн махны үйлдвэрийн технологи нэвтрүүлэх, Армени Улсад дэвшилтэд технологид суурилсан газар тариалан хөгжүүлэх чиглэлээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд манай ХХААХҮ-ийн сайдыг тус улсад айлчлуулах, Аргентины ХАА-н технологийн Холбооны мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын чухлыг талууд чухалчлан тэмдэглэв.
Улмаар Буэнос Айросын Үндэсний Их сургууульд хөдөө аж ахуйн чиглэлээр монгол оюутан сургах, Аргентины Дипломатын Академид монголын дипломатуудыг суралцуулах боломжийг хайж ажиллахаа илэрхийлэв.
Мөн НҮБ, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хамтын ажиллагаа (ФЕАЛАК) зэрэг бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
Түүнчлэн хоёр тал бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэв.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай иргэд Латин Америкийн орнуудаас Чили, Перу, Мексик, Колумби, Куба, Бразил, Аргентинд хөнгөлөлттэй зорчих зохицуулалттай болж байгаа юм.
Зөвлөлдөх уулзалтад оролцсон Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Аргентины төлөөлөгчдийг Аргентины Гадаад хэрэг, шашны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд Густаво Злаувинен нар тус тус тэргүүлж, хоёр талын албаны хүмүүс байлцав.
Монгол, Аргентины хооронд 1971 оны есдүгээр сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2016 онд Аргентинаас 1.5 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн худалдан авснаас бяслаг, шар буурцагны тос, шоколад, какао агуулсан бүтээгдэхүүн, хатаасан жимсний импорт зонхилсон байна.