Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2017.02.23/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Ноён Элчин сайд Масато Такаока Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, ажиллаж эхэлсэнтэйгээ холбогдуулан төрийн өндөр дээд албан тушаалтнуудад бараалхаж буй хүрээнд энэхүү уулзалт болсон юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, “Ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна. 1990 онд манай улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс хойш Япон улстай харилцах улстөрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн.
Өнгөрсөн амаргүй хугацаанд Япон улс, Японы ард түмэн бидэнд тусалж байсанд баяртай байдаг.
1990 оноос хойш Япон улс манай улсад томоохон төсөл нэлээдийг хэрэгжүүлсэн. Дарханы дулааны цахилгаан станцд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шинэчлэл хийгдсэн. Мөн “Нарны зам”, “Нарны гүүр”, Хөшигийн хөндийд одоо ашиглалтад орох гэж буй нисэх онгоцны буудал гэх мэт олон төсөлд Японы Засгийн газар хөрөнгө оруулсан. Манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна.
Харилцааг шинэ агуулгаар баяжуулах нь чухал гэж би үздэг. Тухайлбал, Япон улсын "Мицибуши" корпораци Монголд үйлдвэр босгох чиглэлд харилцаагаа хөгжүүлж чадвал их чухал. Хоёр орны улстөрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн ч эдийн засаг, бизнесийн харилцан хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засгийн нэг л тодорхой том төсөлд хамтарч ажиллаж үр дүнд хүрэх нь чухал юм.
Би 2006 онд Австралид очихдоо "Мицибуши" корпорацийн нүүрсний том орд үзсэн. Тэгээд Монголд Японы ийм үйлдвэр бий болгохсон гэж бодогдсон.
Манайх уул уурхайн баялаг ихтэй гэдэг боловч эдийн засагт том нөлөө үзүүлэх төсөл хийж чадахгүй байгаа.
Миний бие Р.Гончигдоржийг УИХ-ын дарга байхад айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Япон улсад очихдоо монгол, япон хүмүүсийн дунд бие биеэ ойлгох ойр дотны харилцаа байдаг юм байна гэж мэдэрсэн. Тэр бол Кёкvшюзан Д.Батбаяр сумод ид барилдаж байсан үе. Түүнээс хойш Д.Дагвадорж, М.Даваажаргал, М.Ананд, Д.Бямбадорж гээд монгол хүмүүс Мэргэжлийн сумо бөхийн аварга болсон. Сая Кисэносатог их аварга болоход би үнэхээр их баярлалаа. Сумо бөх хоёр улсын бие биеэ ойлгох ардын дипломат шилдэг арга гэж би боддог. Танай Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд их элэгтэй хүн гэдгийг бид мэднэ. Таны өмнөх Элчин сайдтай ч бид сайн харилцаатай байсан. Үе үеийн Элчин сайдууд бидэнтэй Монголын төлөө мөр зэрэгцэн ажилласан. Элчин сайд таны шинэ томилолт, шинэ ажилд амжилт хүсч, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн гэсэн зам мөрөө үлдээнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэлээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, “Бидний бараалхах хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлье. Та Монголын улстөрд өндөр албан тушаал хашиж, улсынхаа хөгжилд хүчин зүтгэж ирэхдээ Япон, Монголын харилцааны хөгжлийг дэргэдээс нь харсан. Ийм туршлагатай хүнтэй миний бие уулзаж байгаадаа баяртай байна.
Мөн Кисэносатог их аварга болсон талаар дурьдсанд баяртай байна. Миний бие сумо бөх үзэх маш дуртай. Өнгөрсөн хугацаанд монгол бөхчүүд ямар хүчтэй, тэвчээртэйг бишрэн үзэж байлаа. Өнгөрсөн арван жилийн хугацааны дараа Японоос мэргэжлийн сумо бөхийн их аварга төрсөнд япончууд баярлаж байгаа. Үүнтэй адил монгол хүн баярласан гэдэг нь монголчууд ямар сайхан сэтгэлтэйг харуулж буй юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд анхаардгийг та хэлсэн. Үүнтэй би санал нэг байна. Ерөнхий сайдын хувиар Шинзо Абэ Монголд гурван удаа айлчилсан. Ингэж харилцаа хөгжиж байгаад миний бие таатай байдаг. Цаашид эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр дээр үндэслээд хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжөөсэй гэж хүсч байна. Таны нэгэн адил би Япон, Монголын бизнесийн харилцаанд бэлгэ тэмдэг болох төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бодож байна” гэв.
Ноён Элчин сайд мөн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улс хөрөнгө оруулагчийнхаа хувьд уг онгоцны буудлыг яаралтай ашиглалтад оруулахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Энэ асуудлыг маш сайн анхаарч, судалж үзэн ажиллахаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тэмдэглэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.