Төр нийгмийн зүтгэлтэн Д.Содном, Д.Мөнхөө нарыг шагналаа

2017 оны 2 сарын 23

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Гавьяат эдийн засагч Думаагийн Содном,  Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Доржийн Мөнхөө нарыг  Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.

Монгол Улсын "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдэг нь Төрийн албаны төв байгууллагаас төрийн албан хаагчдыг шагнадаг шагнал юм. Шагналын журамд зааснаар төрийн албанд 18-аас доошгүй жил ажиллаж,сан төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвар, амжилт гаргасан, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчийг шагнадаг. Энэхүү шагнал нь  цөөн хүнд, өндөр шалгуураар олгодог нэр хүндтэй шагнал юм. 

SODNOMМонгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном  нь 1950 оноос эхлэн төр, улсад ажилласан нэгэн жарны хугацаанд  Сангийн яаманд байцаагч, төсвийн нягтлан бодогч, эдийн засагч, Валютын хэлтсийн дарга, Сангийн сайд, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга,  Сайд нарын Зөвлөлийн даргын алба хашиж, төрийн жирийн  албан хаагчаас  Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл дэвшин ажилласан түүхэн замналтай билээ. '

Төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөө ажил хөдөлмөрийн гараагаа 1966 онд Сэлэнгэ аймгаас эхэлжээ. Тэрээр хагас зууны хугацаанд ажиллахдаа Сэлэнгэ аймагт их эмч, аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга, Яамны орлогч сайд, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны даргын албыг хашиж, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцсан төрийн түшээдийн нэг билээ. Д.Мөнхөө эдүгээ эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа гавьяатай нэгэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41233
0 эможи
keyboard_arrow_up