Ж.Нямдорж: Барилгын салбарт “Галын техникч” эрэлттэй байна

2017 оны 2 сарын 21
Барилгын Сургалт Хөгжлийн Академи (БСХА) нь салбарт бизнес эрхлэгч ААНэгж байгууллага болон тэдгээрийн инженер техникийн ажилтныг чадавхжуулах, мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор урт, богино хугацааны сургалт зохион байгуулж, шинэ мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ хүрээнд МУ-ын Зөвлөх инженер, “A JET” LLC Хяналтын албаны дарга Ж.Нямдоржийн удирдлага дор “Галын аюулгүй ажиллагаа” сургалтыг гуравдугаар сарын 14-нд олгох гэж байна.
 

МУ-ын Зөвлөх инженер Ж.Нямдорж
-Барилга хөгжлийн академид заах “Барилга, байгууламжийн галын аюулгүй байдлын сургалт”-ынхаа талаар ярихгүй юу?
Барилга, байгууламжийн галын аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр инженер, техникийн ажилтнуудад онол, практикийн сургалт явуулахаар төлөвлөөд байна. Энэхүү сургалтад гол төлөв барилгын дулаан хангамж, агаар сэлгэлт, холбоо дохиолол, цахилгаан хангамж, барилга угсралт, зураг төсөл чиглэлийн инженерүүд зайлшгүй хамрагдах шаардлагатай. Учир нь барилга, байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах тал дээр их, дээд сургуулиудын өгч байгаа онолын болон практикийн мэдээллүүд одоогийн хөгжил, бодит байдалд гологдож байгаа. Иймээс зураг төсөл зохиох, угсрах, ашиглалтын үед анхаарах шаардлагатай мэдээллийг олгох зорилготойгоор сургалт явуулах гэж байна.
Дулаан хангамж, агаар сэлгэлтийн тухайд утаа зайлуулах систем, агаар сэлгэлтийн зарчмууд, Холбоо дохиолол дээр барилгын автомат, ялангуяа гал хамгаалал унтраах автомат мэдээллийн системийг тоноглох, нэгдсэн удирдлагын системд холбох, үүн дээр ялгаагүй цахилгааны инженерт холболтын системүүдийг нэгдсэн цогц системд холбон хийх мэдлэгийг олгох болно.
Сүүлийн үеийн өндөр, олон функцтэй барилга, байгууламжид инженерийг төхөөрөмжүүд нэг системд угсрагддаг болсон. Үүнд томоохон байр суурийг галын автомат систем, утаа зайлуулах зэрэг том системүүд орж ирсэн учраас барилгын норм, дүрмийг баримтлан зөв холбох, норм дүрмүүд дээр санал зөрөөтэй зүйлс гарсан тохиолдолд тусгай техникийн нөхцөлийг инженерүүд хэрэглэж чаддаг байх шаардлагатай.
Барууны орнуудын өндөр барилгын зураг төсөл орж ирэх болсноор галын аюулгүй байдлыг хангуулахад инженерүүдийн мэдлэг чадвар ихээхэн доголдолтой харагдаж байгаа. Иймээс энэ удаагийн сургалтаар үүнийг бага ч болов уу нөхөх зорилготой байна.
-Тусгайлсан галын аюулгүй ажиллагаа хариуцсан инженер гэж Монголд байгаа юу? Барилгын компаниуд энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулж байгаа эсэх?
Би ОХУ-ын Онцгой байдлын галын академийг төгссөн. Энэ чиглэлийн инженерүүд бэлтгэгддэг байсан боловч одоо больсон. Монголд ч байхгүй. Сүүлд БХБЯ-наас барилгын тусгай зөвшөөрөл дээр заавал барилгын галын техникч байх заалт нэмэгдсэн. Барилгын галын техникч гэдэг нь арай өөр ойлголт. Галын галын техникч гэдгийг насос, усан хангамжаар үйлчилдэг техникийн ажилтнуудтай хольж, хутгах болсон. Сүүлдээ энэ чиглэлээр ажиллах хүн олдохоо байсан. Би 2014 оноос эхлэн БХТөв дээр “Галын техникч”-ийг бэлтгэх, чадавхжуулах 3 удаагийн курсийг удирдан явуулсан. Энэ курсээр холбоо дохиолол, цахилгаан хангамж, дулаан хангамж, агаар сэлгэлтийн инженерүүдийг “галын техникч”-ээр ажиллуулж болно гэсэн заалт гаргасан. Энэ заалтыг одоо хэрэгжүүлж явж байгаа.


-Одоогийн баригдаж байгаа барилгууд галын аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу?
Энэ төрлийн зөрчилтэй барилгууд ихэссэн. Анхан шатны зураг төслийн боловсруулалт хийгдэж байх үеэс л галын аюулгүй байдлын төлөвлөлтийг хийх ёстой. Зөв боловсруулсны дараа экспертүүд, ОБЕГ, Улсын гал түймрийн хяналтын газрын Зураг төсөл хянах хэлтсээр хяналт хийлгэнэ. Харин зураг төсөл хянагдсаны дараа барилга баригдаад улсын комиссод хүлээлгэн өгөх гэтэл дундын хяналт, гал түймэрийн хяналт тавигдаагүйгээс техникийн, зохион байгуулалтын гээд олон зөрчил гардаг. Барилга бүтэх шат шатанд нь шалгалт хийгдэх ёстой. Барууны норм норматив нь өндөр хөгжсөн газар дундын хяналтаа байнга хийж, барилга ашиглалтад орсны дараа улсын комисс ажиллах шаардлагагүй болдог. Явцын дунд зөрчил нь засагдаад явдаг гэсэн үг юм.
Манай улсын тухайд барилгын галын аюулгүй ажиллагаа, норм нормативыг ягштал мэддэг ажлын баг байх ёстой. Тэр нь ОБЕГ байх шаардлагагүй. Барилгыг бүрэн дүүрэн мэддэг газарт нь л байх хэрэгтэй.
-Барилгын галын аюулгүй байдлыг одоогоор ОБЕГ хянаж байгаа. Барилга ашиглалтад орсны дараа явцын хяналтыг хэдэн удаа, ямар байдлаар хийдэг юм бэ?
Энэ явцын хяналт чинь байхгүй болчхоод байгаа юм. Хяналтын паспорт үүсгээд, графикаар сардаа эсвэл улиралдаа хийх ёстой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41175
0 эможи
keyboard_arrow_up