Цөмийн зэвсэггүй ирээдүйн төлөөх Монголын санаачилга

2017 оны 2 сарын 17
 

Сануулга, дохио

Тавхан хоногийн өмнө буюу өнгөрөгч ням гаригт БНАСАУ Япон тэнгист баллистик пуужин хөөргөж туршив. Хойт солонгосуудын хувьд энэ бол гэм биш зан л даа. Жаахан дургүй нь хүрэхээрээ пуужин харвадаг. Эсвэл цөмийн туршилт хийнэ. Тэдний ийм алхамд өдөөн хатгалга, сануулгын аль аль нь л бий. Ямартай ч өнгөрсөн ням гаригт тэдний хөөргөсөн баллистик пуужинг япончууд өдөөн хатгалга гэж хүлээж авсан бол өмнөд солонгосууд үүнийг дэлхий нийтийн анхаарлыг татах гэсэн оролдлого төдийгүй АНУ-ын шинэ засаг захиргаанд дохио өгөх гэсэн үйлдэл гэж дүгнэжээ. Хойт Солонгосын энэ үйлдэлтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон тус улсад айлчлал хийж байсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хамтран мэдэгдэл хийсэн. Өнгөрсөн онд Хойт Солонгос олон удаа пуужин хөөргөж, хоёр ч удаа цөмийн туршилт хийсэн юм. Ялангуяа 2016 оны арваннэгдүгээр сард явуулсан цөмийн туршилт нь тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй цөмийн туршилт байв. Энэ цөмийн  туршилтынх нь дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг ээлжит тогтоолоо баталсан билээ.

Хүйтэн дайны үе дууссанаас хойш дэлхий нийтэд цөмийн зэвсгийн тоо буурсан ч АНУ, ОХУ, Франц, Их Британи, БНХАУ зэрэг цөмийн зэвсэгтэй таван их гүрэн болон Энэтхэг, Пакистан, Израйль, Хойт Солонгос зэрэг улс орнуудад байгаа цөмийн цэнэгт хошуунууд манай дэлхий шиг хэд хэдэн гаригийг устгахад хүрэлцэхүйц хор хөнөөл, аюул заналтай юм. “Үүнээс харахад цөмийн дайн хэзээ ч болохгүй гэдэг бол дэндүү гэнэн хэрэг” хэмээн Коннектикутын их сургуулийн профессор Уон Т.Рурке хэлсэн байдаг. 

Энэ бүхэн бол цөмийн зэвсгийн аюул хүн төрөлхтөнд заналхийлсэн хэвээр байгаагийн хамгийн ойрын жишээ юм. Хүйтэн дайны үе дууссанаас хойш дэлхий нийтэд цөмийн зэвсгийн тоо буурсан ч АНУ, ОХУ, Франц, Их Британи, БНХАУ зэрэг цөмийн зэвсэгтэй таван их гүрэн болон Энэтхэг, Пакистан, Израйль, Хойт Солонгос зэрэг улс орнуудад байгаа цөмийн цэнэгт хошуунууд манай дэлхий шиг хэд хэдэн гаригийг устгахад хүрэлцэхүйц хор хөнөөл, аюул заналтай юм. “Үүнээс харахад цөмийн дайн хэзээ ч болохгүй гэдэг бол дэндүү гэнэн хэрэг” хэмээн Коннектикутын их сургуулийн профессор Уон Т.Рурке хэлсэн байдаг. Гэхдээ “Хэзээ нэгэн цагт цөмийн зэвсэг газрын хөрснөөс арчигдах болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Рейган 1985 оны нэгдүгээр сард хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслол дээрээ хэлсэн нь биелэх цаг ирэх буй за.

Монголын санаачилга

Орчин үед цөмийн дайн, цөмийн хор хөнөөлөөс ангид байх арга замыг олон улс эрэлхийлж байна. Монгол Улсын хувьд өөрийн цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын эрх зүйгээр баталгаажуулсан нь цөмийн аюул заналаас улс орноо сэргийлэх, бүс нутагтаа болон дэлхий дахинд энх тайвныг сахин хамгаалахад чухал ач  холбогдолтой алхам болсон юм. Ийнхүү цөмийн зэвсэггүй бүсийн статусаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр баталгаажуулах хүртэлх зам тийм ч амар  хялбар байгаагүй билээ. 1992 оны есдүгээр сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 47 дугаар чуулганы индэр дээрээс Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг дэлхий нийтэд зарлан тунхагласан нь манай улсын бие даасан, хараат бус гадаад бодлогын анхны томоохон алхам болсон билээ. Түүнээс хойш 22 жилийн дараа энэхүү санаачилга сая ажил хэрэг болж буюу 2014 оны аравдугаар сарын 31-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганд Монгол Улсаас санаачлан өргөн барьсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм. Энэ бол Монгол Улс, монголчууд бидэнд төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улс орнуудын хувьд түүхэн шийдвэр байлаа.

Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг баталгаажуулахад эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн идэвх, санаачилга, түүний олон улс дахь нэр хүнд асар их үүрэгтэй гүйцэтгэсэн  юм. Тиймээс дээр өгүүлсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд цөмийн зэвсэггүй статусаа урагшлуулах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүдийг сайшаахын зэрэгцээ, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал болон цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэхэд Монгол Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалж, түүнд дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ын холбогдох байгууллагаас хүссэн байдаг. Мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ,Францаас гадна Монгол Улс 2012 онд гарын үсэг зурсныг НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор дахин сайшаасан билээ.

Цөмийн зэвсэггүй ирээдүйн төлөөх Монголын санаачилга

Цөмийн зэвсэггүй бүсийг тэлэх Ерөнхийлөгчийн уриалга

АНУ-ын зэвсэгт 1945 оны наймдугаар сард Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэлсэн нь цөмийн зэвсгийн асар их хөнөөх чадал, учруулж болох гай гамшгийг хүн төрөлхтөнд ойлгуулсан билээ. Хирошимад хаясан бөмбөг 140 мянга, Нагасакид хаясан бөмбөг 70 мянга гаруй ард иргэдийн амийг авч одон, 100 мянга гаруй хүн шархадсан юм. Үүнээс илүүтэй энэхүү цоо шинэ төрлийн зэвсгийн шууд бус үр дагавар хамгийн аймшигтай байв. Тухайлбал цацраг идэвхт бодист хордон шаналсан хүний тоо 400 мянга хол давсан гэдэг. Харамсалтай нь хүн төрөлхтөн энэ түүхэн гашуун сургамжийг үл хайхран цөмийн хөнөөлт зэвсгийг өөрсдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэрэгсэл болгон ашиглахаар гэсэн ухвар мөчид бодлого хэрэгжүүлсээр байна. Олон улс гүрэн цөмийн зэвсэгтэй болохыг улайран хөөцөлдөж, нэлээд нь түүндээ хүрээд байгаа билээ. Энэ бүхэн цөмийн зэвсгийн аюул занал бодитой оршсоор байгааг харуулна. Манай улсын хувьд цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дунд оршдог, ОХУ, БНХАУ-ын цөмийн зэвсгийн туршилтын бүс нутаг манай хилээс холгүй байрладаг гэх мэт эмзэг талууд бий. Тиймээс хүйтэн дайн дуусч дэлхий нийтийн харилцаанд дулаарал ирсэн 1990-ээд оны эхээр манай улс цөмийн зэвсэггүй статусаа анхлан зарлаж, улмаар уг статусаа баталгаажуулахаар шинэ зууны эхнээс идэвхийлэн ажилласан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд болсон АНУ-ын Нью-Йорк хотод болсон цөмийн зэвсгийн асуудлаархи өндөр түвшний уулзалтад оролцож хэлсэн үгэндээ цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь цөмийг зэсвгийг үл дэлгэрүүлэх, хураахад үр дүнтэй арга гэдгийг онцолж, дэлхийн цөмийн зэвсэггүй есөн бүсийг өргөжүүлэх, тухайлбал Ойрхи Дорнод, Зүүн хойд Азид ийм шинэ бүсүүд байгуулахыг уриалсан билээ. Түүнчлэн аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах туршлагатайн хувьд Монгол Улс тус бүс нутагт цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар Зүүн Хойд Азийн улсуудтай албан бусаар ажиллах боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удаа дараа илэрхийлж байсан юм. Тэрээр энэ санаачилга, амлалт, уриалгаа ажил хэрэг болгох бодитой алхмуудыг ч хийсэн. Тухайлбал, 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга дэвшүүлж энэхүү бүсийн улсуудыг илэн далангүй яриа хэлэлцээнд урьсан билээ.

Цөмийн хаягдалгүй Монгол

Монголын газар шороонд цөмийн хаягдал булшлахгүй гэсэн мэдэгдлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд НҮБ-ын 67 дугаар чуулганы индрээс олон улсад зарлав. Тэрээр өмнө нь ч “Цөмийн хаягдлын тухай асуудал дээр бид сэргэг байх ёстой. Ямар нэгэн цөмийн хаягдал булшлах тухай санал санаачилгыг Монгол Улс дэмжихгүй байх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа.

Энэ бүхнээ баталгаажуулж Ерөнхийлөгч 2011 оны есдүгээр сарын 09-нд цөмийн хаягдлын  тухай 184 тоот зарлиг гаргасан юм. Ерөнхийлөгчийн энэхүү зарлигт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох тухай заасан байв. Уг зарлигаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд цөмийн хаягдал булшлах нь гэдэг хардалт, таамаглал, эсэргүүцэл, шүүмжлэл бүгдэд хариулт өгсөн.

Ерөнхийлөгчийн энэ шийдмэг алхам, санаачилга, зарлиг шийдвэр манай улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсад хүлээн зөвшөөрөхөд чухал түлхэц болсон билээ. 1994 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулж, аюулгүй байдлаа улс төрийн аргаар бэхжүүлэх чухал тулгуур болгох” нь Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг хангах арга замын нэг гэдгийг тодорхойлсон байдаг. Тэрчлэн, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “Цэргийн аливаа эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгvй, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх чиг шугам баримтална” хэмээн заасан. Цөмийн зэвсэггүй статусаа НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлснээр эдгээр бодлого, үзэл баримтлалаа улам баталгаажуулсан билээ.

 

Цөмийн зэвсэггүй бүсийн статусын талаар судлаачид ингэж өгүүлэв

Судлаач С.Галсанжамцын үзэж буйгаар цөмийн зэвсэггүй бүсийн статус Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой юм.

-Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэлхийн хамтын нийгэмлэг, тэр дундаа цөмийн зэвсэгтэй улсууд хүлээн зөвшөөрч, НҮБ дэмжсэн нь манай орны олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

-Манай санаачилгыг цөмийн зэвсэг бүхий улсуудын зүгээс ялангуяа ОХУ, БНХАУ нааштайгаар хүлээн авсан нь Монгол Улсын аюулгүй байдлын орчинг улам таатай болгож байна. 

-Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн аюулыг багасгах, үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах дэглэмийг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдалд нааштай нөлөө үзүүлнэ.

-Бүс нутгийн болон улсуудын хоорондын харилцаа нь тогтвортой байгаа үед цөмийн зэвсэггүй бүсийн ач холбогдол нь өндөр байж, харин хямралт харилцааны үед цөмийн зэвсэггүй бүсийн үр нөлөө буурдаг. Энэ утгаараа, Монгол Улсын нэг улс-цөмийн зэвсэггүй бүс нь бүс нутгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. 

-Манай орны олон улсын нэр хүндийг өсгөн нэмэгдүүлэхийн зэрэгцээ, энэхүү бодлого нь Монгол улсын аюулгүй байдлыг улам баталгаатай болгож байгаа юм.

Харин судлаач Ж.Энхсайханы үзэж байгаагаар

-Монгол Улс нэг улс-цөмийн зэвсэггүй бүсийн статусаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж, олон улсын эрх зүйгээр баталгаажуулсан нь цөмийн зэвсэггүй бүсийн эдэлдэг олон төрлийн давуу тал, түүний дотор “Үл дэлгэрүүлэх гэрээ”-ний хяналтын дэглэмээс илүү хатуу аюулгүй байдлын баталгааг эдлэх, цөмийн эрчим хүч, шинжлэх ухааны ололт амжилтыг энх тайвнаар ашиглахад дэмжлэг авах боломжтой болох явдал юм.

-Энэ нь газар зүйн болон геополитикийн байршлаасаа шалтгаалан уламжлалт цөмийн зэвсэггүй бүсэд нэгдэн орох боломжгүй бусад улс орнуудад үлгэр жишээ болох болно.

-Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын чухал элемент болж чадна.           

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41016
0 эможи
keyboard_arrow_up