Шадар сайд олон улсын донор байгууллагуудад талархал илэрхийллээ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.02.15/ "Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах" ажлын хэсгийн тайлант хурлыг удирдан явууллаа.
Тайлант хурлыг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн аймгуудад Улсын нөөцийн сангаас өвс тэжээл, хэрэгцээтэй техник хэрэгсэл, машин зэрэг тусламж үзүүлэх шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, газар дээр нь хүргэж өгч ажиллаж байна.
Засгийн газрын зүгээс өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан манай улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын донор байгууллагуудаас тусламж хүссэн. Тусламжийн хүрээнд 13 олон улсын байгууллага, хоёр орны засгийн газраас 3.800.000 ам.доллар буюу 9.0 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц санхүүгийн болон техник, бараа материалын туслалцаа үзүүлэх болсноо илэрхийлээд байна.
Монгол Улсад эхний ээлжинд тусламжийн гараа сунгасан Улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагуудад талархал илэрхийлье. Мөн НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн сангаас тусламж авах чиглэлээр болон Олон улсын хүмүүнлэгийн багийг удирдаж ажиллаж байгаа НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биате Транкман болон бүх олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.
НҮБ-ийн Суурин зохицуулагч хатагтай Биате Транкман “Монгол Улсын Засгийн газар болон Шадар сайд Олон Улсын байгууллагуудыг нэгдсэн нэг мэдээллээр хангаж ажиллаж байгаад талархаж байна. Энэ нь бидний ажилд томоохон тус болж байгааг хэлэх нь зүйтэй. Бидний үзүүлж буй тусламжийг хүрэх ёстой эзэнд нь хүргэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Мөн энэ үеэр Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 48 сумын нийт 1000 малчин өрхөд Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос бэлэн мөнгөний тусламж олгохоор болсон талаар мэдээлэв.
Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгогдох мөнгийг малчид Хаан банкны нэрийн дансаараа дамжуулан авах бөгөөд малчин өрх тус бүрд 245 мянган төгрөг ногдож байгаа юм.
Энэ төрлийн мөнгөн дэмжлэгийг Увс, Ховд аймгийн нийт долоон сумын 740 өрхөд олгох бөгөөд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг /USAID/-аас Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулж, 1 сая ам.долларын дэмжлэг үзүүлж байгааг тайлан хурлын үеэр онцлов.
Мөн тус байгууллагаас Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд аймгийн нийт 1740 өрхөд малын тэжээлийн багцыг олгох юм байна. Өвс тэжээлийн багцад эрдэсийн долооц 8 кг, хуурай сүү орлуулагч 10 кг, загасны тос 1 литр, нэмэлт витамин тэжээл 3кг багтаж байгааг холбогдох албаныхан уламжиллаа гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.