Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагнав

2017 оны 2 сарын 14

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр (2017.02.14) УИХ-ын 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ. Уг хуралд тус Байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар оролцов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд мэдээллийн эхэнд тус байнгын хороо УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар хуулийн төсөл 33, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 12, Байнгын хорооны тогтоол 8, Үндсэн хуулийн цэцийн 1 дүгнэлт, харьяа байгууллагын 2 тайлан, Байнгын хорооны 28 санал дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 3 тайлбар, нэг төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулгыг гаргасан. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 35 албан бичиг, 5 өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгсөн талаар танилцуулав.

Түүнчлэн УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгүүд нийт 18 удаа хуралдсан байна.

Мөн тус байнгын хорооноос бие даасан хууль 1, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 6, УИХ-ын 12 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Тухайлбал, Зөвлөлдөх санал асуулгын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолуудыг нэрлэж болох юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо тайлант хугацаанд олон улсын байгууллагуудтай 10 удаагийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж, санал солилцсон байна. Мөн тус байнгын хорооноос УИХ-ын гишүүдэд зориулж Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд хууль тогтоомжийн тухай хуулийн сургалт явуулсан. Мөн “Монгол Улсын хөгжлийн бодлого, улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийг хэрэгжүүлэхэд бодлогын зохицуулалтыг хэрхэн хийх, институцийн оновчтой хувилбарууд” сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсныг Байнгын хорооны дарга Н.Энхболд онцлов.

Мэдээллийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар УИХ-аас батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Төрийн албаны тухай хуулийн төслүүд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40924
0 эможи
keyboard_arrow_up