Туул голыг хамгаалах талаар Засгийн газарт дахин чиглэл өгнө

2017 оны 2 сарын 01

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар УУХҮЯ-ны мэдээллийг сонсов.

Тус байнгын хорооноос өнгөрсөн оны 11 сарын 23-нд Засгийн газарт Туул голын сав газарт элс, хайрга олборлох үйл ажиллагааг зогсоох, хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, Туул голыг бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх эрүүгийн болон захиргааны хариуцлагыг чангатгах зэрэг чиглэл өгсөн.

Уг чиглэлтийн биелэлтийг өнөөдөр УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж танилцуулав. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль анх 2010 онд батлагдан хэрэгжсэн. Үүнээс хойш гурван жил хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй нь зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон. Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас 2014 оны 01 дүгээр сард баталж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгосон байна. Хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 826 өргөдөл аймаг, орон нутгийн Засаг дарга нараар дамжин Ашигт малтмалын газарт /хуучнаар/ ирсэн. Үүнээс 273 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 205 өргөдөлд олгох боломжтой талаар дүгнэлт гарсан хэмээн сайд онцлов.

Тэрбээр, “Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох”, мөн 9 дэх хэсэгт “Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,9 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх”-ээр Засгийн газарт чиглэл өгсөн. Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Түүнчлэн Байнгын хорооны тогтоолын 10 дахь хэсэгт “..түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэх боломжтой. Иймд 2014 оны Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох шаардлагатай” гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авахын зэрэгцээ саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хийж буй ажлын талаар тодруулга авсан юм. Түүнчлэн тэрээр АНУ-ын туршлага судлахад холбогдох газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэн тэргүүнд нөхөн сэргээлт хийлгүүлэх тухай баталгаа авдаг. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгж баталгаа болгож мөнгө байршуулдаг юм байна. Иймд гадны сайн туршлагыг нэвтрүүлэх үүднээс уг хуульд тусгах санал илэрхийлж байсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, М.Оюунчимэг гишүүн, “Гадаад орнууд ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо тухайн аж ахуйн нэгжээс нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө авдаг. Уг хөрөнгийг салбар хариуцсан буюу Уул уурхай эсхүл Байгаль орчны яамандаа хүлээлгэн өгдөг. Ингэснээр аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх нь нэмэгддэг. Гэтэл манайд энэ туршлага одоог хүртэл нэвтрээгүй байна” хэмээн шүүмжлэв. Түүнчлэн нөхөн сэргээлт хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг аль байгууллага хариуцаж хийх вэ хэмээн тодруулсан.

2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар тусгай зөвшөөрөл олгох цуцлах эрх нийслэл, орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн гэдгийг дээр хэлсэн. “Одоо уг хуулийг шинэчлэн Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол орон нутаг олгосон тусгай зөвшөөрлөө цуцлахгүй байна” гэлээ.

Харин НЗДТГ-ын зүгээс 2014 онд манайд тусгай зөвшөөрөл олгох эрх шилжиж ирсэн. Энэ үеэс хойш Нийслэлийн зүгээс нэг ч тусгай зөвшөөрөл олгоогүй. Түүнээс өмнө Ашигт малтмалын газраас олгосон 35 тусгай зөвшөөрөл бий. Уг асуудлыг хуулийн дагуу олгосон газар нь цуцлах ёстой хэмээн тайлбарласан. Харин УУХҮЯ-ны зүгээс, “2014 онд тусгай зөвшөөрөл олгох эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн. Үүнтэй хамт өмнө нь олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах эрх ч очиж байгаа юм” хэмээн тайлбарлав.

УИХ-ын гишүүн Д.Мурат, “Туул голын бохирдолд нөлөөлж буй нэг томоохон хүчин зүйлүүд нь арьс ширний үйлдвэрүүд. Ер нь бол аймаг бүрт нь арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. 21 аймгаас бүх малынхаа арьс ширийг цуглуулаад, түүнийгээ нийслэлдээ химийн бодисоор цэвэрлээд, ундны ус руугаа хаяад байж болохгүй” хэмээв.

Түүнчлэн гэр хорооллын ил задгай бие засах газрууд гадаргын усыг бохирдуулагч эх үүсвэрийн нэг гэдгийг А.Сүхбат гишүүн хэлээд, “Гэр хороололд 200 мянга орчим ил завгүй бие засах газар байгаа гэсэн судалгаа танилцуулсан. Тийм биш. Өмнө нь ухаад, дүүрэх үед буцаагаад булчихсан хэдэн мянган газар бий. Нэг айл 10 жил амьдрахдаа хашаандаа хамгийн багадаа гурван удаа бие засах газар ухдаг. Тиймээс ил задгай бие засах газрыг бетоноор доторлох, түүнийг нь соруулж авдаг системд шилжих хэрэгтэй. Ингэхгүйгээр хөрс, усны бохирдлыг арилгах талаар ярих боломжгүй” гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд байнгын хорооноос Туул голыг хамгаалах асуудлаар Засгийн газарт дахин чиглэл өгөх болов. Уг чиглэлийн төсөлд Туул голын ойролцоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөхийг хориглох, Ашигт малтмал, газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг төвлөрүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэргийг тусгажээ. Мөн барилга, зам, төмөр замын салбарт элс, хайрга олборлохр газар нутгийг тодорхойлох, үүнд тавих хяналтын бүтцийг бий болгохоор тусгасан байна. Уг чиглэлийг ойрын хугацаанд бүрэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40544
0 эможи
keyboard_arrow_up