Ардчилсан намын даргын сонгуулийн саналыг гараар тоолно
Ардчилсан намын даргыг сонгох сонгууль энэ сарын 29-ний өдрийн 07:00 цагт эхэлж, 22:00 цагт өндөрлөх юм. Намын даргын сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа билээ. Шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгнө.
Санал хураах цаг дууссаны дараа саналын хуудсыг гараар тоолох аж. Харин шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй АН-ын гишүүн намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй юм. Саналаа өгөхдөө санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, саналын хуудас бөглөж, зориулалтын битүүмжилсэн хайрцагт саналын хуудсаа хийнэ. Санал өгсөн гишүүдийн хуруунд тусгай тэмдэглэгээ хийх юм байна.