“Эрдэнэт”-ийн асуудлаар АН завсарлага авав

2017 оны 1 сарын 25

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсохоор багтаасан байв.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Тус намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Хэлэлцэх асуудлын материалыг өнөөдөр гар дээрээ авч байна. Уг нь гурав хоногийн өмнө баримт бичгийг гишүүд авсан байх ёстой. Танилцах бололцоо олгох үүднээс бүлэг завсарлага авч байна” хэмээлээ. Байнгын хорооны дарга бүлгийн саналыг хүлээн авч, тав хоногийн завсарлага өгсөн юм.

Үүний дараа Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Хөгжлийн банкийг бие даан, улс төрөөс хараат бус байдлаар ажиллах, ил тод байха эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн заалт туссан юм байна.

Тухайлбал, хөндлөнгийн хяналтын тогтолцооны “санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах журмыг Засгийн газар тогтооно. Монголбанкнаас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд жил бүр шалгалт хийнэ. Засгийн газраас 3 жил тутамд шалгалт явуулна” гэсэн зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд ирэх гуравдугаар сард төлөх 580 сая ам.долларын зээлийг хэрхэн төлөх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар хариуцлага ногдуулсан талаар тодруулав.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “580 сая ам.долларын зээлийг ирэх гуравдугаар сарын 21-нд төлнө. Гурван хувилбараар төлөлт хийхээр яриа хэлэлцээр хийж байна. Төлөлтийн хугацааг сунгах уу, бэлэн мөнгөөр төлөх үү гэхчлэн яриа хэлэлцээр үргэлжилж байна.

Хөгжлийн банкны өмнөх таван газрын захирлаас Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар мэдүүлэг авч байгаа. Хэлтсийн дарга нар 100 хувь өөрчлөгдсөн. Сахилга хариуцлага алдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж байна гэсэн хариулт өгсөн юм.

Улмаар хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан зарчмын зөрүүтэй 45 саналын томъёоллоор санал хураалгаж, дуусган хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40324
0 эможи
keyboard_arrow_up