Нялх хүүхдийн хүнсний бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлье
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 62.5 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Ахмад настны тухай , Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын дарааллыг байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараагаар гишүүн О.Баасанхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулах санал гаргав. Гэвч уг хуулийн төсөл энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд тусгаагүй учир дараагийн долоо хоногт хэлэлцэхээр болсныг байнгын хорооны дарга тайлбарлалаа.
Ингээд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. ЭМ-ийн сайд А.Цогцэцэг танилцуулав. Нялх балчир хүүхдийг эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангаж, импортод зохицуулалт хийх хэрэгтэй болсон аж. Эхийн сүү орлуулагчийг 2014 онд 750 тонн импортолсон нь 1997 оныхоос 9 дахин өсчээ. Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллосноор хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, өсөлт сайжирдгийг тогтоожээ.
Нялх балчир хүүхдийг эхийн сүүгээр 6 сар хүртэл дагнан хооллох, 2 нас хүртэл хөхүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сурталчилгаанд ч зохицуулалт хийх аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн нэрнээс эхлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрбээр “Дөнгөж төрсөн хүүхдээ эх хүн өлсгөхгүйн тулд хөх нь сүүгүй бол орлуулах бүтээгдэхүүн өгнө. Сүү оруулах бүтээгдэхүүн үнэтэй байдаг. Эцэг, эхчүүд үүнийг худалдан авахыг хүсээд байдаггүй. Болж өгвөл эхийн сүүгээр хооллохыг хичээж байна. Гэтэл хөх нь сүүгүй ээж нар яах вэ. Эмэгтэйчүүдийг доромжлоод байгаа ч юм шиг. Хөхний сүүний банктай болно гэж юу гэсэн үг вэ” хэмээлээ. “0-1 насны хүүхдийг төрийн хэлний толь дээр нялх, балчир хүүхэд гэж заасан. Тиймээс хуулийн төслийг Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай” гэж нэрлэсэн. Ээж хүн хүүхдээ хөхийн сүүгээр хооллох ёстой. Харин эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдүүдийг тусгай бэлдмэлээр хооллоно. Өнөөдөр хэрэгжээд байгаа хуулийн нэрийг өөрчлөөд байгаа юм биш. Сүүлийн үед гоо сайхантай холбоотой эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнийг хүүхдэдээ өгөх нь их болсон. Тийм учраас бид хуульчилж өгөх нь зүйтэй гэж энэ хуулийг өргөн барьж байгаа юм” гэсэн тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Баатарбилэг “Эхийн сүүгээр хооллох ёстой гэдэг агуулгаар хуулийн төсөл байхгүй. Нялх балчир хүүхдийн нэмэгдэл бүтээл, сав, баглаа боодол ямар байх вэ, ямар зүйлийг хориглох вэ гээд маш тодорхой зүйлийг тусгажээ. Сүүлийн үед хүүхдийн бүтээгдэхүүнийг маш их сурталчилдаг. Зарим бүтээгдэхүүнээс харшил өгсөн гомдол их байдаг. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна” гэсэн бол гишүүн М.Оюунчимэг “1997 онтой харьцуулахад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт бараг 10 дахин нэмэгдсэн байна. Тиймээс чанар талаас нь сайн шинжлэх хэрэгтэй. Эмч нар сүүлийн үед залуу ээжүүдэд сүү орохгүй байна гэж ярьдаг. Энэ нь амьдарч байгаа орчин, агаарын бохирдолтой холбоотой байна уу гэдэг талаас нь бодолцох хэрэгтэй. Залуу ээжүүдийн эрүүл мэндийг анхаарах цаг болжээ” гэсэн саналыг хэллээ.
Гишүүн С.Чинзориг “Сүү оруулагч импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй. Нийт төрж байгаа ээжүүдийн 30 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй ээжүүд байна. Энэ үүднээс нялх балчир хүүхдүүдийн хоол хүнс, бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлдэг байх асуудал чухал. 3 нас хүртэл хүүхдээ харсан ээжүүдэд олгодог нэмэгдэл цалин гэж байхгүй. Гэтэл ээжүүд юугаараа хүүхдээ хооллох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй” гэдгийг анхааруулав.
Ийнхүү гишүү асуулт тавьж, үг хэлсний дараа Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Дараагаар нь Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэллээ.