Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээг хэвээр үлдээв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид иргэн, хуулийн этгээдээс өгч болох хандивын хэмжээг зохицуулсан төслийн 57.1 дэх хэсэгтэй холбогдуулан хэд хэдэн гишүүн үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Учир нь уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид иргэн 10 сая хүртэл, хуулийн этгээд 50 сая төгрөг хүртэлх хэмжээний хандив өгч болохоор тусгасан байсныг ажлын хэсэг иргэнээс өгөх хандивын хэмжээ таван сая төгрөг хүртэл байх, харин хуулийн этгээд хандив өгөх заалтыг хасах санал гаргажээ. Ажлын хэсгийн энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Наранхүү, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ нар улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ийм үед нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах боломжгүй тул иргэн, хуулийн этгээдээс өгч болох хандивын хэмжээг хуулийн төсөлд тусгасан хэвээр нь үлдээх санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгуульд нэр дэвшигч хандив авах, ялангуяа аж ахуйн нэгжээс хандив авах нь сонгууль мөнгөний уралдаан болох, нэр дэвшигч нь мөнгөний эрхшээлд орох сөрөг талтай учраас ажлын хэсгийн саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм. Ингээд санал хураалгахад ажлын хэсгийн саналын томьёолол гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй тул Ерөнхийлөгчид нэр дэвшигчид иргэн 10 сая, хуулийн этгээд 50 сая төгрөг хүртэлх хэмжээний хандив өгч болохоор тусгасан төслийн заалтыг хэвээр үлдээсэн юм.