Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогч даргын асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий прокурорын орлогч даргаар Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг зөвлөлдөх саналыг хэлэлцсэн юм. Б.Амгаланбаатарын хувьд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан бөгөөд Нийслэлийн прокуророор ажиллаж байсан аж.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид хандан шударга ажиллахыг хүссэн юм. Мөн албан тушаалтай, мөнгөтэй хүмүүстэй холбоотой, том асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэв. Тэгсэн хэрнээ албан тушаалгүй, мөнгөгүй, жижиг хэргүүдэд хөл хөнгөн байдаг, гол нь шуугиан тариад байгаа томоохон хэргүүдийг илрүүлэх чиглэлд ажиллахыг хүслээ.
Ц.Нямдорж: -Та нар мөнгө ихтэй хүмүүст гар чинь хүрч чадахгүй байдал руу л яваад байна даа. Энэ "Эрдэнэт"-ийг улсын төсвөөс мөнгө хулгай хийгээд л авчихсан юм байна лээ ш дээ. Өмнөговьд ирээдүйд баригдах цахилгаан станцыг барьцаанд тавиад 70 сая төгрөг авчихсан л байна лээ. Энэ асуудалд юунд нь халгаад байгаа юм. Мөн С.Зориг агсаны хэргийг хаалттай явуулчихсан. Одоо давж заалдах хурлаа ил болгохыг бодоорой. Цорын ганц хажууд нь байсан хүнийг яагаад шүүх хуралд оруулдаггүй юм. Жил хорисон хариуцлагыг хэн хүлээх юм.