Лаостай санамж бичигт гарын үсэг зурав
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн яамны Иргэдийн бүртгэл, Төрийн албаны асуудал эрхэлсэн дэд сайд ноён Каммун Випонгсай-гийн урилгаар 5 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд тус улсад айлчлав.
Тэрбээр Лаосын Засгийн газрын Шадар сайд ноён Асанг Лаоли, Лаосын Дотоод хэргийн сайд ноён Сайси Сантивонг болон албаны бусад хүмүүстэй уулзаж хоёр орны төрийн албаны байгууллагын үйл ажиллагаа, төрийн албаны бодлого, цаашид энэ салбарт хоёр тал хамтран ажиллах асуудлаар ярилцав.
Мөн хоёр талын холбогдох албаны хүмүүс оролцсон “Төрийн албаны удирдлага, хоёр талын хамтын ажиллагаа” сэдэвт семинар зохион байгуулж, ТАЗ-ийн дарга Б.Цогоо болон Лаосын Дотоод хэргийн дэд сайд Каммун Випонгсай нар харилцан мэдээлэл хийж, санал солилцов.
Айлчлалын хүрээнд хоёр тал Хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулж Лаосын Дотоод хэргийн сайд ноён Сайси Сантивонг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар гарын үсэг зурсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын төрийн албаны бодлого, үйл ажиллагаа, туршлагыг судалж суралцах сонирхолтой байгаагаа лаосын тал илэрхийлэв.