4789 ахмад шагналын урамшуулал авч байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.12.14/ болж, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.
Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат цолтнууд, Төрийн шагналтан, Төрийн соёрхолт шагналтнууд тэтгэврээсээ гадна сар бүр 150.000-200.000 төгрөгийг төрөөс авдаг байна. Энэ нь шагнал дагаж ирдэг тэтгэмж аж. Судалгаагаар энэхүү тэтгэмжийг 4789 ахмад авдаг. 2015 онд эн зориулалтаар халамжаас нийт 4.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл шагнал дагаж ирдэг тэтгэмжийг ихэвчлэн чинээлэгээс дээш амьдралтай ахмадууд голчлон авдаг байна. Иймээс Засгийн газар шагнал дагаж ирж байгаа энэхүү мөнгөн урамшууллыг халамжтай адилтгаж болохгүй гэж үзэн, урамшуулал хэлбэрээр авч үзэх нь зөв гэж үзэн, шаардлагатай хөрөнгийг халамжийн санд бус улсын төсөвт тусгах нь зөв гэж үзэн дээрх хуулийг санаачилсан байна.
Учир нь амьдралын боломж тааруу ахмадууд түлээ, нүүрсний мөнгөн тэтгэмж төрөөс жил бүр авдаг, амралт, сувилалтад амарахад нь ахмад бүрийн 200 мянган төгрөг төрөөс даадаг аж. Үүнээс шагнал дагаж авдаг урамшууллыг нь ялгаж, салгах нь зөв юм гэж үзжээ.
Хэлэлцүүлгийн шатанд урамшууллын хэмжээнд өөрчлөлт орох уу, олимпоос медаль авсан тамирчдад мөн цалин төрөөс олгож байгаа. Үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна вэ гэдгийг гишүүд тодруулж байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тайлбараар шагнал дагаж олгогдох мөнгөн урамшуулалд өөрчлөлт орохгүй, хэвээр хадгалагдана.
Олимпод амжилт гарган медаль авсан тамирчин сарын 6 сая төгрөгийн цалин авдаг. Гэхдээ хуулиараа энэ асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаггүй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хариуцдаг тул нарийн мэдээлэл байхгүй байна гэдэг хариулт өгсөн юм.
Ахмадын тоо 700 мянгад хүрнэ
Байнгын хорооны хуралдаанаар мөн Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 80 гаруй хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Улсын хэмжээнд өнөөдөр 260 мянган ахмад настан байна. Тэдний 140 мянга орчим нь төрөөс баталсан хуулиар эрт тэтгэвэртээ гарсан. Ахмадуудын дунд судалгаа явуулахад олонхи нь ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтойгоо илэрхийлдэг. Тиймээс дээрх хуулиар хөдөлмөр эрхлэх бололцоог нь олгох, мөн ахмад настан руу хандсан төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг зохицуулалт туссан аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг арилгах хууль санаачлах шаардлага байна гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг “Ахмад настны тухай хууль нь одоо хэрэгжиж байгаа хуулиас дордох ёсгүй. Гэтэл шинэ төсөлд ахмад настан сувилал, амралт хоёрт амархад аль нэгийнх нь төлбөрийг төрөөс даадаг байх зохицуулалт орж ирсэн нь буруу, улам дордчихоод байна” гэдгийг санууллаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтний тайлбараар амралт, сувилалд амарсан ахмадад зардлынх нь төлбөр болгож төрөөс 200 мянган төгрөг олгодог. Үүнийг сувилалд амарсан ч, амралтанд амарсан ч олгосон нөхцөлд төрөөс даах зардал улам нэмэгдэж жилдээ 8-9 тэрбум төгрөг олгох шаардлага үүсэх аж. Эдийн засгийн хямралтай үед ийм боломж хягаарлагдмал. Тиймээс аль нэгд нь төрөөс дэмжлэг үзүүлэхээр заасан гэсэн юм.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Судалгаанаас харахад улсын хэмжээнд 168 мянган ахмад хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Тэд аль салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна вэ гэдгийг судлах шаардлагатай. Гадаадад орнуудад ахмадууд ихэвчлэн үйлчилгээний салбарт цагаар ажилладаг. Ийм боломжийг ахмадуудад олгох.
Аймаг, сумын ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ажилладаг гэхээсээ ажиллахгүй нь олон. Тэр төвд гэдэсний дасгал хийх төхөөрөмж суурилуулснаас өөр зүйл бараг байхгүй. Гэтэл ахмадууд фитнесс төвөөр, иог, бүжгийн дугуйлан зэрэгт үйлчлүүлэх сонирхолтой болсон. Энэ бүгдээр үйлчлүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлдэг эрх зүйн орчинг бий болгох шаардлага үүсэж байна” гэсэн юм.
Эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр Байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.