НД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтад нийт 98 хүн материалаа ирүүлсэн байна. Үүнээс найман хүнийг шалгаруулж, өнөөдөр байнгын хороогоор хэлэлцүүллээ. Эдгээр найман хүнээс хүнээс Ц.Сүхбаатар, Т.Батзул, Н.Алагаа, Э.Оюунтэгш нарын дөрвөн нэр дэвшигчийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжсэн юм.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ажил олгогчийг төлөөлж гурван гишүүн нэр дэвшсэн. Үүнд: Э.Оюунтэгш /МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/, Н.Алагаа /Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбооны ерөнхийлөгч/, Н.Тунгалаг /МУИС-ийн профессор/ нарын хүмүүс нэр дэвшсэн. Харин даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд таван хүн нэр дэвшсэн. Тэд бол Ц.Сүхбаатар /Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч/, Т.Батзул /Монголын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/, Ж.Батзориг /Монголын боловсрол шинжлэх ухаан үйлдвэрчний эвлэлийн чөлөөт холбооны дарга/, н.Рагчаа /Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний холбооны дарга/, Н.Тунгалаг /“Тунгаамал” төв ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/ нар юм.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ахлах бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт сонгон шалгаруулалтгүйгээр тус зөвлөлийн гишүүн болсон билээ.