ХЗБХ: Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар санал зөрөлдөв

2016 оны 12 сарын 06

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт хэлэлцэх ёстой байсан ч Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ирээгүй тул хойшлуулсан билээ.

Хуралдааны үеэр байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “АНУ-ын иргэд хүүхэддээ хатуухан үг хэлэх хориотой байдаг. Тус улсад хүүхдүүд нь эцэг эхээ хуулийн байгууллагад өгдөг тохиолдол нэлээд гардаг. Энэ жишиг уг хуулийн төсөлд орсон байна. Би үүнийг буруу гэж байгаа юм биш. Аливаа зүйлийн жин банг тааруулах ёстой. Монголын хөрсөн дээр хэрэгжих боломжгүй заалтууд их байна шүү. Ажлын хэсгийнхэн өөр орны хуулийг хуулаад оруулаад ирсэн гэж харагдахаар байна. Манай улс бол уламжлалт аргаар хүүхдээ хүмүүжүүлж ирсэн. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд орсон зарим нэг заалтыг өөрчлөх шаардлага байна”гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Гэр бүлийн хүчирхийллийг Монгол уламжлалт аргаар шийднэ гэж байгааг ойлгохгүй байна. Яг үнэндээ хүн л бол хүн. Би өөрөө өмгөөлөгч байсан хүн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнийг өмгөөлөхөд хэцүү. Хүчирхийлэгч нь өмгөөлөгч рүү дайрч, аюулгүй байдалд халдах гэсэн оролдлого гаргадаг. Тиймээс цагдаагийн газар хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж байгуулаад ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт, гадаадын хууль дотоодын хууль гэж хардахаа боль. Хуульд хуулах гэсэн ойлголт байхгүй. Хуулийн төслийг боловсруулсан хүмүүс олон талаас нь харж, ажиллаж байж энэ төслийг батлуулах гээд явж байгаа. Одоо харин дагалдах хуулийн төслийг хэзээ оруулж ирэх вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Хамгийн гол нь бага наснаасаа эмэгтэй хүн, гэр бүлээ хүндэтгэдэг болгохын төлөө боловсролын системд хүчирхийллийн эсрэг хөтөлбөр суулгаж өгөх ёстой. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор энэ төслийг давхар хэлэлцэх ёстой. Энэ бол хуулийн асуудал гэхээс илүү нийгмийн асуудал юм шүү. Тиймээс би Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцүүлэх санал оруулж байна. Хүчирхийлэл гэдэг бол адгууснаас ч доор үзэгдэл. Хүчирхийлэл газар аваад байхад зүгээр л байдаг зүйл мэт өөрсдийн хүрээнд сэтгэхээ больцгоо. Бид гэр бүлийн хүчирхийллийн орчинд амьдардаггүй болохоор мэддэггүй байж магадгүй. Гэвч хүчирхийлэл нийгмийг тэр чигээр нь бүрхэж байна. Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтын заалтыг яагаад өөрчилж байгаа юм. Аргагүй хамгаалалтыг оруулж ирэхдээ аюулгүйн нөхцөл байдлыг тооцож байж шийднэ гэсэн байна. Аюулгүйн нөхцөлийг тооцох аргагүй шүү дээ. Өнөөдөр чиний хажууд таньдаг, таньдаггүй эмэгтэйг хүчирхийлж байвал хамгаалалт хэрэгтэй. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг тодорхойлох ёстой. Сэтгэл зүйн дарамтыг тодорхойлох боломжгүй. Хүүхэд дарамттай орчинд сурч байвал сургуульдаа явах дургүй болно. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан сэргийлэх гэсэн хоёр зүйлийг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна.  

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-О.Баасанхүү гишүүн өмгөөлөгчийн байр сууринаас хандаад байна. Бид өөрийн орны уламжлалыг бодох хэрэгтэй. Хууль зүйн байнгын хорооны даргын хэлсэнчлэн гадны орны хуулийг хуулаад авцан юм уу гэдэг сэтгэгдэл төрж байна. Яг үнэндээ хүүхэддээ юм хэлж болохгүй болж байна. АНУ-ын хүүхдүүд 911 руу залгаад эцэг, эхээ хорионд өгдөг. Түүн шиг асуудал болж хувирах вий дээ.  Монголчууд дээр үеэс уламжлагдаж ирсэн нүүдлийн ёс заншил, хүүхэд хүмүүжүүлэх арга барил дээрээ тулгуурлаад арай өөр заалт оруулах ёстой. Тэгэхгүй бол эргээд гэр бүл салгах шалтаг болох вий. О.Баасанхүү гишүүний хэлсэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа явуулах тал дээр хууль хяналтын байгууллага, олон нийтийн байгууллага анхаарах ёстой. Энэ тал дээр ижил байр суурьтай байна.

Ийнхүү байнгын хорооны гишүүд өөрсдийн саналаа хэллээ. Харин яг одоо Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй 60 гаруй саналаар санал хураалт явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38772
0 эможи
keyboard_arrow_up