Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг үндэслэн дээрх төслүүдийг бусад хуультай нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах талаар чиглэл өгсөн юм.
Хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хороод Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон юм.
Өнөөдөр /2016.12.02/ Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдаж эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.07 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.”, уг хуулийн 24.6.Улсын “Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” хэмээн заасныг үндэслэн хуулийн төслийг хэлэлцэж буйг хуралдааны үеэр тодотгон хэлсэн.
Сонгуулийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.6 дахь заалтын “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос боловсруулсан уг хуулийн төслийн танилцуулгыг тус байнгын хорооны гишүүн Л.Болд хийв.
Танилцуулгатай холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Аялал жуулчлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын “улс” гэснийг “төр” гэж өөрчлөх гээд байгаа гол ач холбогдол нь юу вэ” гэсэн асуултад ажлын хэсэг болох Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг “хуулийн нэр томьёог цэгцлэх ач холбогдолтой” гэсэн хариулт өгөв.
Харин Д.Тэрбишдагва гишүүний “Үүнийг яагаад Байнгын хороо санаачлаад байгаа юм бэ. Санаачлагч нь яагаад оруулж ирж болохгүй байна вэ” гэсэн асуултад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Л.Болд хариулт өглөө. Тэрбээр “Хуулийн агуулга бус нэр томьёо өөрчлөгдөж байгаа. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хэлэлцүүлж байгаа” хэмээн хэллээ.
Үг хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр богтсон юм.
Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.09 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтын “улсын” гэснийг “төрийн” гэж өөрчлөх, Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлийн гарчгийн “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж, мөн зүйлийн 15.10.1 дэх хэсгийн “Төрийн нууцад” гэснийг “Төрийн болон албаны нууцад” гэж, “төрийн нууцтай” гэснийг “төрийн болон албаны нууцтай” гэж өөрчлөх зохицуулалтыг тус тус төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж үг хэлсэн. Тэрбээр, “Өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлнэ. Хугацаа хангалттай байгаа учраас хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй” гээд хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.
Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд дээрх хуулийн төслүүдээр Байнгын хороод тус бүртээ хэлэлцүүлэг явуулж, санал дүгнэлтээ ирүүлснийг уншиж танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Оюундарь уншиж танилцууллаа.
Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар асуулт асуулаа. Тэрбээр “Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуультай холбогдуулан нэг асуулт гарч байна. Олон улсын гэрээний тухай хуульд “улсын” гэдэг эрх зүйн субьект явдаг. Монгол Улс өөр оронтой гэрээ хийж байна гэсэн үг. Гэтэл энэ хуулиудад бүгдээрэнд нь “төр” гэж оруулах юм бол эрх зүйн томьёоны хувьд хооронд нь зөрчил гарах юм бишүү. Хуулийн нэр томьёогоо жигдлэхгүй бол нэг ойлголтыг хоёр өөр томьёогоор хэрэглэж байна. Үүнийг уялдуулж өгөх хэрэгтэй байна” гэсэн асуултад Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хариулт өглөө.
Дараа нь санал хураалт явуулж, дээрх таван хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Мөн Байнгын хорооны дарга Ж.Энхбаярын гаргасан анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлуулья гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.