ОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилно
УИХ-ын дөрвөн Байнгын хороо өнөөдөр хуралдана. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны 2015 оны 05, 07 тоот тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсох бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсох юм байна.
Харин үдээс хойш 14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх юм байна.