ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт шинэ цэрэг, дайчдын тангараг өргөх ёслолд оролцлоо
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хилийн 0151 дүгээр ангийн шинэ цэрэг, дайчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэхүү арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Шинэ дайчид та бүхэн эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалахаа илэрхийлэн цэргийн тангарагаа өргөж, Монгол цэргийн сүлд, золбоо хийморийн бэлгэ тэмдэг болсон аранзал улаан тугнаасаа адис аван эх орны хүү боллоо. Өвлийн эхэн сарын энэ өдөр Хил хамгаалах байгууллагын хэмжээнд нийт шинэ дайчид эх орондоо үнэнчийн баталгаа болсон тангарагаа өргөж байна. Энэ арга хэмжээ нь Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласны 92 жилийн түүхт баярын өдрүүдтэй давхцаж байгаагаараа онцлог. Цэргийн алба бол эх оронч үзэл, сэтгэлийн хатыг шаарддаг амьдралын их сургууль төдийгүй өөрийгөө таних, алсын хараа, ирээдүйн зорилгоо тодорхойлох алтан боломж юм” гэв. Шинээр тангараг өргөсөн дайчдыг төлөөлж, сургалтын төвийн нэгдүгээр салааны байлдагч Н.Энх-Амар үг хэлэв. Тэрбээр “Өнөөдрөөс бид ээж аавын хүү байснаа эх орны хүү боллоо. “Эх орондоо амь биеэ хайрлахгүй зүтгэнэ” гэж танил нөхдийнхөө өмнө тангаргийн үгээ уншиж байхдаа битүүхэн омогшил цээж дүүргэж байлаа. Өөр өөр аймаг, араншин, авъяастай ч эх орон гэсэн сэтгэл алаггүй билээ” гэсэн юм. Тангараг өргөж, эх орны хүү болсон шинэхэн цэргүүдээ харах гэсэн ар гэрийнхэн нь өвлийн хүйтнийг ч үл ажирна. Аранзал улаан тугнаас адис авах хүүхдүүдээ харсан эцэг эхчүүд зургийг нь авч, “Тэр миний хүү” хэмээн хажуундаа зогсох нэгэндээ бахархан өгүүлэх нь сонсогдоно. Цэргийн сүрт хөгжим, жагсаал, шинэ цэргийн тангарагтай ийм нэгэн өдөр ээж аавын олон үрс эх орны хүү боллоо.