Байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2016.11.24/ үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс гаргасан саналууд, хуралдаан даргалагчаас төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу Байнгын хорооны ажлын хэсэг холбогдох засвар өөрчлөлтийг тусган эцсийн хувилбарыг боловсруулсан, мөн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалгаж шийдвэрлүүлэх саналтай байгааг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүдэд танилцуулсан юм.
Ингээд ажлын хэсгээс тогтоолын хавсралтад “иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх” гэсэн агуулгатай 2.1.12 дахь заалт, мөн “тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүрт нь олгох боломж бүрдүүлэх” гэсэн агуулгатай 2.3.11 дэх заалтыг тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тогтоолын хавсралтын 2.2.1 дэх заалтын “Гачууртын орд” гэснийг хасах санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь уг саналаар санал хураалгахыг дэмжсэнгүй. Гачууртын орд нь арван жилд арван хувийн ашигтай ажиллах тооцоо судалгаа гарсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд улс орны эдийн засагт орлого оруулж чадахгүй, түүнчлэн ордын лицензийн талаар шүүхэд маргаан үүссэн байгаа тул хөтөлбөрөөс хасах нь зүйтэй хэмээн тэрбээр зарчмын зөрүүтэй саналын үндэслэлээ тайлбарлаж байв.
Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын хэрэгжилтэд холбогдох байнгын хороо хяналт тавих, хэрэгжилтийг хагас жил тутамд сонсож танилцах, мөн тогтоолын нэрийг байнгын хорооноос дэмжсэн саналаар үлдээх нь зөв гэж үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.