Үндсэн хуулийн ойн нэрэмжит шатрын тэмцээн маргааш гарагт болно
Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр /2016.11.17/ хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа, ирэх бямба гаригт эхлэх Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын референт, Олон улсын шатрын холбооны мастер Г.Алтан-Оч нар оролцов.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр 14 тоот захирамж гаргаж, Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор ахлуулан байгуулсан. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч П.Цэрэн “Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс, Ажлын хэсгээс ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталсан. Иргэд олон нийтэд зориулан Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг таниулах талаар өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулж, Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутатуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгүүлэх, нэвтрүүлэг бэлтгэж түгээх ажлын хуваарь гарган ажиллаж байна.
АИХ-аас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоол, захирамж болон илтгэлүүдээр баримт бичгийн эмхэтгэл, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль” гэсэн гэрэл зургийн цомог хэвлүүлэхээр бэлтгэж байна.
Үндсэн хуулийг батлахдаа АИХ 63 өдөр хуралдсан байдаг. Тэдгээр өдрүүдийн тэмдэглэлээр цахим эх бэлтгэж байна. Одоогийн байдлаар 11400 хуудас материалыг цахим хэлбэрт оруулан эмхэтгэх ажил хийгээд байгаа. Мөн ойн арга хэмжээний хүрээнд Олон улсын Үндсэн хуулийн байгууллагад элсэн орох бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн энэ оны арванхоёрдугаар сарын 20-нд “Үндсэн хууль 25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл, зохион байгуулалтыг хангалаа.
Үндсэн хуулийн өдрөөр Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн уламжлалт тэмцээнийг УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор гурван үе шаттай зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа.
Мөн уламжлалын дагуу Үндэсний бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран 2017 оны нэгдүгээр сарын 13-нд Бөхийн өргөөнд зохион байгуулна.
Ийнхүү Үндсэн хууль хэлэлцэж баталсан ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, таниулах чиглэлээр олон ажил хийхээр бэлтгэж байна” гэлээ.
Дараа нь Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын дарга М.Энхболд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдол өгдөг, оюуны энэ спортыг дэмждэг, өөрөө сонирхдог, тоглодог хүн. УИХ-ын дарга энэ тэмцээнийг ивээлдээ авч, зохион байгуулж байгаад Шатрын холбооны өмнөөс болон мэргэжлийн шатар тоглогчид, өсвөрийн шатар тоглогчид, бүх сонирхогчдын нэрийн өмнөөс талархаж буйгаа уламжлахад таатай байна" гэв.
Энэ жилийн тэмцээн сум дүүрэг, аймаг нийслэл, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай болох аж.
-Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд,
-Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 10-11-нд,
-Шигшээ буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны нэгдүгээр сарын 07-08-нд болно.
Шигшээ тэмцээн Төрийн ордонд болох бөгөөд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчинд спортын дэд мастер цол олгох аж.
"Энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жил бүр хүрээгээ тэлсээр 2015 онд л гэхэд 5000 орчим хүнийг хамарсан. Энэ жилиийн тэмцээнийг дэлхийн 180 оронд онлайнаар шууд дамжуулна” гэж Б.Наранбаатар хэлэв.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.