Үндсэн хуулийн ойг тэмдэглэнэ
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулжээ. Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахлах аж. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулжээ.
Үндсэн хуулийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны бэлтгэлийг ч хангасан байна
Ойд зориулсан арга хэмжээний бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй мэдээлэл Ажлын хэсгийн ахлагч П.Цэрэн “Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комисс, Ажлын хэсгээс ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталсан. Иргэд олон нийтэд зориулан Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлын талаар өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулж байна” гэлээ.
АИХ-аас 1990-1992 онд батлан гаргасан хууль, тогтоол, захирамж болон илтгэлүүдээр баримт бичгийн эмхэтгэл, “БНМАУ-ын АИХ ба Үндсэн хууль” гэсэн гэрэл зургийн цомог хэвлүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Үндсэн хуулийг батлахдаа АИХ 63 өдөр хуралдсан байдаг. Тэдгээр өдрүүдийн тэмдэглэлээр цахим эх бэлтгэж байна. Одоогийн байдлаар 11400 хуудас материалыг цахим хэлбэрт оруулан эмхэтгэх ажил хийгээд буй гэнэ. Түүнчлэн ирэх сарын 20-нд “Үндсэн хууль 25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл, зохион байгуулх аж.