Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хуулийн төслүүд өргөн барилаа

2016 оны 11 сарын 16

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-ОргилГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Протокол (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр)-д нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд гишүүнээр элсэж, “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”, “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т нэгджээ.

Монгол Улсын Их Хурал 2008 онд “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”-ийг баталж, 2015 онд өөрчлөлт оруулсан байна. Хуулийн зарим заалт дээрх олон улсын хэлэлцээрүүдтэй зөрчилдөж байгаа аж. Тухайлбал Монгол Улс импортын бараанд “Нэн тааламжтай тариф” ногдуулахын тулд барааны гарал үүслийн гэрчилгээ шаардаж, гэрчилгээгүй тохиолдолд тарифыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа нь Хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, барааны гаалийн бүрдүүлэлтийн хугацаа болон зардлыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах нөхцөлийг бий болгож байна.

Тиймээс Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэх зорилгоор эхний хуулийн төслийг боловсруулсан байна.  

2003 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын Сайд нарын 5 дахь удаагийн Бага хурлаар Монгол, Парагвай, Боливи зэрэг далайд гарцгүй орнууд “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийг санаачилжээ. Улмаар 2013 онд Сайд нарын 9 дэх удаагийн Бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирсон байна.

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын гуравны хоёр буюу 110 гишүүн орон нэгдэн орсноор уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд одоогоор гишүүн 164 орноос 96 нь нэгдээд байгаа аж.

Хэлэлцээрт нэгдэн орсноор Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хөгжлийн түншүүдээс дэмжлэг туслалцаа авах хууль ёсны эрх баталгаажих, өөрийн чадавхиа бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэх, гадаад худалдааны зардлаа бууруулж, экспортыг нэмэгдүүлэх, авто болон төмөр замын дэд бүтцийн сүлжээг сайжруулж, зардлыг бууруулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан худалдаа болон тээврийг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38118
0 эможи
keyboard_arrow_up