С.Жавхлан гишүүний хэлсэнчлэн Ц.Оюундарь "Эрдэнэт"-тэй хаалтын гэрээ хийжээ
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ) бол ард түмний өмч. Үүнийг нь ч “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх,
олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална” хэмээн аль 2005 онд цагаан дээр хараар бичиж хуульчилжээ. Ингэж хуульчлах болсон шалтгаан нь маш энгийн. Учир нь, засгийн эрхэнд гарсан улс төрийн нам, эвсэл нэгэн жарны түүхтэй энэ их айлыг алдаатай бодлогоо хаацайлах хэрэглүүр эс бөгөөс өөрсдийн ажлыг товойлгох гэсэн сурталчилгааны самбар болгох нь энүүхэнд болохоор зориуд чиг үүрэг, статусыг нь тусгаарлаж, хуулийн хамгаалалтад оруулж, хуруу дүрэхээс нь сэргийлсэн хэрэг. Гэвч эрх мэдэл хэн нэгний гарт хэт төвлөрөхийн хэрээр хуулийг гууль болгож болдгийн энгийн жишээ МҮОНРТ-д өнгөрсөн хугацаанд нэг бус удаа гарчээ.
Сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д үнэмлэхүй олонх буюу 65 суудалтай болж Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсны дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудал хөндөгдөж, нийгмийн анхаарлыг тийш хандуулах болсон. Сонгуулийн санал авахаас ердөө нэгхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг олон нийтэд хандан мэдэгдэл хийж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани худалдан авснаар 100 хувь Монголынх болсон тухай дуулгаж байсан нь саяхан. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал хууль ёсны дагуу болсон эсэх тухай асуудал өнөөдрийг хүртэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж, улстөрчдийг талцуулсаар буй. Хачирхалтай нь, “Эрдэнэт” тойрсон асуудал олон нийтийн анхаарлын төвд орохтой зэрэгцэн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь нэгэн хаалтын гэрээ байгуулсан байх юм.
Гэрээнд зааснаар ажлын тав хоногийн хугацаанд МҮОНРТ-ийн Төрийн банк дахь дансанд 500 сая төгрөгийг шилжүүлэхээр талууд тохиролцож удирдлагууд нь гарын үсэг зуржээ. Харин гэрээг хэрэгжүүлэх хугацаа нь 2016 оны долдугаар сарын 25-наас 2017 оны долдугаар сарын 25-ныг хүртэл нэг жил байхаар тусгажээ. Агуулгын хувьд дээрх гэрээгээр “Эрдэнэт” үйлдвэрийг “Рио-2016” зуны олимпийн алтан түнш болохоос гадна өнгөрсөн гурван жилийн хугацаанд гаргасан ололт амжилтынх нь тухай олон нийтэд сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэх үүргийг МҮОНРТ хүлээжээ. Тийм ч байж болох. Гэхдээ эндээс нэг гаргалгаа гарч ирж байна. Тэр нь УИХ, Засгийн газар шинээр байгуулагдахтай зэрэгцэн 49 хувийн асуудал сөхөгдөхөд олон нийтийн статустай телевиз, Ц.Оюундарь захирал тус үйлдвэртэй ямар шалтгаанаар яаран сандран хагас тэрбум төгрөгийн гэрээ байгуулав, “Эрдэнэт”-ийнхэн барин тавин шилжүүлэв гэдэг тухай.
Олимпийг шууд дамжуулахад алтан түншээр оролцож, үйл ажиллагаагаа сурталчлуулах гэж “Эрдэнэт” үйлдвэр 500 сая төгрөг шууд шилжүүлээгүй л байж таарна. 500 сая төгрөг бол бага мөнгө биш. Ялангуяа эдийн засгийн хямралтай энэ үед. Харин олимпийн алтан түнш болох нэрийдлээр хувьчлал тойрсон асуудалтай холбоотой мэдээллийг олон нийтийн телевизээр гаргахгүй байх боловсон арга сүвэгчилсэн нь энэ байж болох. Ямартай ч ямар шалтгаанаар олон нийтийн нэрийн өмнөөс 500 сая төгрөгийн гэрээ хийснээ Ц.Оюундарь захирал хэрхэн тайлбарлах нь цаг хугацааны л асуудал болж байна. Учир нь, МҮОНРТ бол улсын төсвөөс санхүүждэг, олон нийтийн байгууллага. Тиймдээ ч 500 сая байтугай нэг төгрөгийн гүйлгээ хийсэн ч тэр нь олон нийтэд ил тод байх учиртай.
Уг нь УИХ-ын гишүүн С.Жавхлан “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар холбогдох албаныхныг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг хийх саналыг “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлд бичгээр хүргүүлсэн тавьсан байдаг. Гэвч цагаа тохирох хэмжээнд явж байтал МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлийг ажлаас нь халсан юм билээ. Тиймдээ ч С.Жавхлан гишүүн “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар МҮОНРТ-тэй хаалтын гэрээ хийсэн гэж бодож буй тухайгаа дурдсан байдаг. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-ийг шалгах ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн тухайгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ.
МҮОНРТ өдгөө 3.5 тэрбум төгрөгийн зээлтэй юм байна. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа авч байгаагүй их хэмжээний зээл хуримтлагдсан гэсэн үг. Хамгийн сүүлд гэхэд Ц.Оюундарь захирал тушаал гаргаж МҮОНРТ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг 720 сая төгрөгөөр Event hall буюу баар цэнгээний газар газар болгов. Телевизид шинэчлэл хийж байгаа нь сайхан харагдаж болох ч улсын онцгой объектод баар, цэнгээний газар байгуулахаар шийдсэн нь өөрөө хачирхалтай.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр Ц.Оюундарь Худалдаа хөгжлийн банкнаас найман сая ам.долларын зээл авахаар ярилцаж байгаа гэх. Бараг 16 орчим тэрбум төгрөг. Чухам ямар шалтгаанаар ийм их хэмжээний мөнгийг арилжааны банкнаас авахаар ярилцаж буй нь мөн эргэлзээтэй. Үүгээр дамжуулан МҮОНТ-ийг хувьчилж авах гэсэн цаад санаа нь хөндөгдөж магадгүйг зарим нэг нь хэлж байна. Эцэст нь хэлэхэд олон нийтийн телевизийг өмчлөх эрх Ц.Оюундарьд бий юү гэдгийг асууя. Чиг үүрэг статусыг нь харсан нь ч, цагаан дээр хараар бичсэн хуулийг заалтыг уншсан ч мэдээж байхгүй. Гагцхүү нэгдүгээр гарын үсэг зурдаг эрх мэдлийнхээ хүрээнд энэ мэтчилэн хуудуутай шийдвэр гаргах болсноо эрхэм Ц.Оюундарь захирал олон нийтэд тайлбарлана гэж найдах л үлдэж байна.