Эрдэнэтийн асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулна
Хуульзүйн байнгын хорооны хорооны өнөөдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/-ийг хэлэлцэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарын хүмүүс оролцож, холбогдох асуудлаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Хуралдааны үеэр ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэтийн асуудал цаг хугацааны хувьд эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын сүүлээр орж ирж байгаа нь сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе байсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байсан. Хэрвээ сонгуулийн дараа намрын чуулганаар энэ асуудлыг оруулсан бол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байх цаг хугацааны хайчинд орсон байсан. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргасан. Ингээд Засгийн газрын тогтоол гарсан.
Би тэр үед “Их хурал долдугаар сард хуралдах уу, эсвэл намар хуралдах эхний хуралдаанаар Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж танилцуулна” гэж онцолсон юм. Хуралдааны төгсгөлд УИХ-аас Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдэлд хүрч, гишүүдийн олонх дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө. Маргааш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэтийн асуудлыг мөн хэлэлцэнэ. Хуралдаанд Сангийн сайд асан Б.Болор оролцож, гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.