БНХАУ-аас урт хугацаатай хөгжлийн зээл авах хүсэлт тавьжээ
УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай албан уулзалт хийж, Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор хоёр хүртэл хувийн хүүтэй, урт хугацаатай буюу 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлт тавьсан байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн зээлийн гэрээ хийгдээгүй гэдгийг УИХ дарга онцоллоо. Өмнө нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад Төрийн айлчлал хийхдээ нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох боломжтой гэж байсан юм. Энэ тухай асуудлыг уулзалтын үеэр хөндсөн бөгөөд БНХАУ-ын талаас судалж үзээд хариу өгнө хэмээн мэдэгджээ. Нааштай хариу ирвэл Засгийн газар ямар хэмжээ, зориулалтаар зээл авахаа тогтож УИХ-аар хэлэлцүүлж, нягталсны дараа эцэслэн шийдвэрлэх юм байна. Мөн энэ удаагийн айлчлалын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Үүнээс гадна дээрх уулзалтуудын үеэр БНХАУ-тай хиллэх боомтуудыг олон улсын стандартад нэвтрүүлэх асуудлыг хөндсөн байна.