"Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар ХЭН, ЮУ хэлэв
Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт үйлдвэр улсад бага татвар төлж байна" гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан. Тэгвэл тус мэдэгдэлтэй холбогдуулан Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийг аврагчийн дүрээр сонгогчидтой уулзана гэж тооцсон байх
Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт үйлдвэр”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй гэдгийг хэлье. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч (Сангийн сайд Б.Чойжилсүрэн), Ц.Нямдорж хоёр хуйвалдсан, танил тал татсан байдал харагдаж байгаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсан асуудалд хууль бус зүйл байгаа бол хүчингүй болгох ёстой шүү дээ. Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр буруу болсон гээд байгаа зүйлдээ бололцоо олгосон учраас хуйвалдсан гэж хэлээд байгаа юм. Тиймээс бололцоо олгосон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой.
Тэд гадаа хүйтэрч, улс төр халахыг хүлээсэн юм байна. Ц.Нямдорж мэдэгдэл хийхэд ажлын хэсгийн ахлагч материал цуглуулж өгсөн. Цуглуулсан материалууд нь эхнээсээ няцаагдаж байна. Энэ бол цэвэр улс төр. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. “Сүхэн дор толгойгоо тавьж байна, мафи гарлаа, сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ, надад Ардын нам, Засгийн газар ямар ч хамаагүй” ч гэх шиг. Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү. Түүний мэдэгдэл зүгээр л хувийн эрх ашиг хөөцөлдсөн, сүржин зүйл.
Магадгүй дээд суудал руу мяраасан ч юм уу, аль эсвэл нэгнийхээ янзыг үзэх гэсэн хандлага байх. Ер нь “Ц.Элбэгдорж руу дайрвал рейтинг өсдөг” гэсэн яриа гараад байгаа юм. Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрөх гэж байна. Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр ер нь юу хийв. Сангийн сайд олон чухал асуудлыг шийдүүлэх ёстой байсан. Одоо тэдэнд хийсэн гэж ярих юм юу ч алга. Зогсоосон, хаасан, боосон, танахаас өөр бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Ц.Нямдорж хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд баталсан таван хуулийг буцаах үйлдлийг оройлж хийсэн. /2016.10.07 Өнөөдөр сонин/
Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Эрдэнэт” үйлдвэр хэвийн ажиллана
“Засгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдэл болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах, УИХ-ын төвшинд эргэж ярилцах зэрэг манай намын бүлэг дээр олон санал гарсныг нухацтай хэлэлцэж байгаа.
Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй .
“Монголын төр урьдын адил өөрийн эзэмшлийн 51 хувийн эрх мэдлээ ТУЗ болон компанийн гүйцэтгэх удирдлагын төвшинд хэрэгжүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн, олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан ийм үед “Эрдэнэт” үйлдвэр өртөг зардлаа бууруулахад анхаарч, ашиг орлоготой ажиллаж байна. Улсын үйлдвэрүүд дотроос ашигтай ажиллаж байгаа цөөн үйлдвэрийн нэг нь “Эрдэнэт”. Иймд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг хэвээр хадгалж үлдэхийн төлөө Засгийн газар ажиллана. /zasag.mn 2016.10.05/
Дашрамд дурдахад 2008 оноос хойш буюу найман жилийн дараа Ерөнхий сайд Орхон аймагт ажилласан энэ юм. Мэдээж иргэд нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамаатай олон асуудлыг сонирхож байсан ч “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Засгийн газраас гаргасан шийдвэрүүдэд эрдэнэтчүүд сэтгэл дүүрэн үлдэж буйгаа илэрхийлсэн юм.
Сангийн сайд Б.Болор: "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголын хуульд захирагдана
Сангийн сайд Б.Болор өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.Тэрээр “Энд нэг зүйлийг хамгийн түрүүнд тодруулж хэлэхэд ОХУ өөрийн эзэмшлийн хувь болох 49 хувийг Монголын компанид худалдсан байгаа. Оростой хийж байсан хэлэлцээрээр үе үеийн Засгийн газар үүнийг л Оросын талаас хүсдэг байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч олон жил Засгийн газрын гишүүнээр ажилласан хүний хувьд үүнийг сайн мэдэж байгаа. Гэхдээ миний бие Ц.Нямдорж гишүүнтэй хувь хүнийхээ хувьд нэлээд дотно байдаг. Мөн үе үе уулзаж, санал бодлоо солилцдог хүний хувьд гишүүн уг асуудлаар тодруулга хүсэж, эргэлзээгээ тайлах гэж байгаа нь зүйн хэрэг гэж бодож байна.
Тушаал гаргасан асуудлын хувьд бол "Эрдэнэт" үйлдвэрийн ОХУ-ын талын эзэмшлийн хувь болох 49 хувь худалдагдлаа гэсний дараа ТУЗ-д өөрчлөлт орж, шинэ дүрэм журмаа батлуулах шаардлага гарсан болон Засгийн газрын шийдвэрийг үндэслэж тушаал гарсан байгаа. Монгол Улсад 51 хувийн эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрх нь бий. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК өнөөдөр 100 хувь үндэсний үйлдвэр болсноор Монгол Улсын хуульд захирагдаж ажиллах болно.
Дэлхийн болон үндэсний томоохон компаниудын жишгээр ТУЗ-ийн дарга нь цөөнх эсвэл хараат бус гишүүнээр сонгогдсон байдаг. Харин гүйцэтгэх удирдлага бол олонхиос томилогдох учиртай. Өнөөдөр төрөөс томилогдсон гүйцэтгэх удирдлага болох Ц.Даваацэрэн захирал ажлаа хийж л байгаа. Харин шинэ засаг өөр бодолтой байгаа бол дүрмээ өөрчлөх, удирдлагаа солих зэрэг бүх зүйл нээлттэй байгаа. Үүнийг надаар хэлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. /eagle.mn 2016.10.03/
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн: “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт төлөх ёстой татвараа давуулан өгч байгаа
“Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2016 оны эхний есөн сарын байдлаар өмнөө тавьсан зорилтуудаа биелүүлэн ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гуайн Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулах ёстой татвар бага байна гэсэн агуулгатай мэдээлэл хийсэнтэй холбогдуулан олон иргэд хариулт нэхэх болсон.Тэгвэл оны эхний найман сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсөвт 60 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийтдээ 130 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн. Орон нутагтаа бид найман төрлийн татвар төлдөг.
Оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 70 тэрбум төгрөг төлчихсөн байгаа. Улсын төсөвт жилд 64 тэрбум төгрөг оруулах ёстой байдаг. Үүний 40 тэрбумыг нь 2015 онд урьдчилаад төлчихсөн байсан. Энэ онд 20 тэрбумыг төлөөд байгааг Ц.Нямдорж гишүүн бага татвар төлсөн гэж андуу ойлгосон байх. 2016 оны эхний долоон сарын байдлаар бид улсын төсвөөсөө авлагатай байгаа.Улс орон эдийн засгийн хүнд нөхцөлд байхад манай үйлдвэр байнга хамтарч ажиллаж ирсэн. 2015 оны сүүлээр Засгийн газраас боломжтой бол татвараа урьдчилж төлөөчээ гэж хүссэн. Бид дотоодын банкнаас зээл авч төсөвт төвлөрүүлсэн.Эрдэнэт үйлдвэр төлөх ёстой татвараа төлөөд, ажилчдынхаа цалинг цагт нь тавиад явж байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байхад битгий улстөржүүлээч ээ гэж хүсмээр байна. /olloo.mn 2016.10.06/