Засаг дарга Су.Батболд “Камертон”, “Никитон”-д 100 саяыг өгч, шоу хийжээ

2016 оны 10 сарын 10

Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын санаачилгаар өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн өдөрлөг, шоу болсон билээ. Уг нь энэхүү өдөрлөгийн зорилго нь  үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих гэж байсан. Гэтэл эрхэм Засаг дарга үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдээ биш “Камертон” болон “Никитон” гэсэн хоёр хамтлагийг дэмжсэн шоу хийчихэж.

Нэгдүгээрт, шоуны үеэр хэдэн шорлогны газар л ажилласан. За ганц нэг халуун чацаргана, уух зүйлээр үйлчилж байсан газар байсныг эс тооцвол өөр үндэсний үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч гэж байгаагүй. Ердөө л хоёр хамтлагийн тоглолт л болсон.

Яах вэ, алдартай, уран бүтээлийн чанар чансаагаараа Монголдоо л тэргүүлэх хоёр хамтлагийн тоглолтыг үнэгүй үзэх нь иргэдэд сайхан л байсан байх. Гэхдээ заавал ингэж сүржин зорилготой мөртлөө, түүндээ огт хүрээгүй, тэгээд  хоёрхон хамтлагийг нэг орой тоглуулахын төлөө 217 сая төгрөг үрэх хэрэг байсан уу.

“Улаанбаатарын намар” шоуны өмнө “Тоглолтын үеэр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх дөрвөн жил  их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулснаа нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна” гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байсан.  Одоо нэг мөрийн хөтөлбөр танилцуулахын төлөө л ганцхан орой 217 сая төгрөг цацаад хаячихаж байгаа болж таарлаа байна.

Үнэхээр тэгж танилцуулах хэрэгтэй байсан бол Үндэсний телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцох нь яасан юм. Эсвэл бусад телевизүүдэд хэдхэн төгрөг өгөөд ярьчихсан ч болно. Үгүй бол сонинуудад жаахан мөнгө өгөөд, хоёр нүүр аваад мөрийн хөтөлбөрөө танилцуусан бол бараг зардал гарахгүй байлаа. Дээрээс нь олон хүнд хүрнэ. Гэтэл  бүхэл бүтэн тоглолт зохион байгуулж, мөрийн хөтөлбөр тайлагнаж байгаа нь арай л хэрээс хэтэрлээ.

Тэгээд бүх зардлын бараг тал нь “Камертон” болон “Никитон” хамтлагийнхны халаас руу орчихож. Нэг орой 25 дуу дуулаад л тус бүртээ 50 сая төгрөг халааслаад л бууж байна.  Мөн тоглолт зохион байгуулсан гээд “Камертон”-ы Д.Болдын “В продакшн”-д 10 сая төгрөг өгсөн байгаа юм. Ерөөсөө л тэр чигээрээ “Камертон”-ыг мөнгөжүүлсэн тоглолт юм биш үү.

Өнөөдөр Улаанбаатар хотод хийх, хэрэгжүүлэх олон ажил байна. Гэтэл Су.Батболд гэдэг нөхөр Засаг дарга болсоор юу амжуулав. Тэрийг л хийгээд, ард түмэнд хэрэгтэй ажил боллоо гээд хэлчих гялайх, гялтайх юм байна уу. Байхгүй шүү дээ. Харин ч баар, цэнгээний газрын хаах цагийг наашлуулна. Нохойнд өч төчнөөн төгрөгөөр элдэв “юм” тавина гэсэн жаал жуул асуудал ярьж байгаад больсон. Хүмүүсийн хэл амыг харж байгаад л больчихсон. Гэтэл одоо зүгээр нэг тоглолт зохион байгуулахын төлөө 217 саяыг нийслэлийн төсвөөс гаргаж цацаад л. Түүнийхээ 100 саяыг нь хоёр хамтлагт хувааж өгөөд л.  Улс орны эдийн засаг хэцүү байна гээд бүхий л мөнгө төгрөгийг хасаж, танаж байгаа биз дээ. Хүүхдийн мөнгийг ялгаврлаж өгсөн. Оюутны 70 мянгын тэтгэмжийг ч ялгамжтай өглөө. МСҮТ-ийн хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгийг өгсөнгүй.

Гэх мэтээр хасах болгоныг хасч байгаа байж тоглолт хийж, мөнгө цацах эрх байгаа бил үү. Өрөөгөө тохижуулсан хэл амнаасаа гарч амжаагүй байгаа хотын дарга араас нь өөр нэг мөнгө үрсэн ажил хийсэн нь энэ байлаа. Ер нь ганган хүүхэнд гархи нэмэр гэгчээр эдийн засаг элгээрээ хэвтчихсэн энэ үед татвар төлөгчдийн мөнгийг үрж тоглолт хийх шаардлага манай улсад лав алга. Тэр хамтлагууд нь өөрсдөө тоглолтоо хийгээд, хэдэн саяыг ч олсон, бидэнд хамаагүй. Харин нийслэлийн Засаг дарга нь өөрөө ийм мэтийн балай юм санаачлаад, түүндээ татвар төлөгчдийн 217 сая төгрөгийг үрж байгаа бол харин дуугүй сууж болохгүй.

Ингэж балайрч байхын оронд Толгойтын замынхаа асуудлыг ч болов яриад, ороогүй хөрөнгө оруулалтыг нь шийдээд, иргэдээ ая тухтай амьдрах боломжийг нь олгооч, хотын дарга аа. Тэгэхгүй бол тэндхийн иргэд чинь үйл тамаа үзэж байна, Су.Батболд оо.a

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37114
0 эможи
keyboard_arrow_up