УИХ-ын гишүүн Б.Саранчимэг мэргэжлийн сургалттай 55 дугаар дунд сургуульд ажиллалаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал, дүгнэлт гарган танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг өчигдөр /2016.09.12/ Мэргэжлийн сургалттай 55 дугаар тусгай дунд сургууль, Сувилалын цэцэрлэгийн яслийн 10 дугаар цогцолборт ажиллав.
Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургууль 2002 оноос мэргэжийн сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд 1-9 дүгээр ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, ахлах ангид энгийн хүүхдүүд суралцаж боловсрол эзэмшихийн зэрэгцээ оёдол эсгүүрчин, компьютер операторчин, модон эдлэлийн мужаан, тогооч, үсчин гоо сайханч зэрэг зургаан чиглэлээр мэргэжил эзэмшин төгсдөг. 2016-2017 оны хичээлийн жилд 39 бүлэгт 460 гаруй хүүхэд, 89 багш, 26 захиргааны ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Сургуулийн 40 жилийн ойг угтан өнгөрсөн жил төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр 337 сая төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ. Тухайлбал, БНСУ-ын Юунин Ганнам сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны асуудлыг сургууль дээрээ шийджээ. Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын дэмжлэгээр өдөр өнжүүлэх төвийг байгуулсан байна. Тус төвд зорилусан орон тооны асуудлыг шийдээгүй учраас дотоод зохион байгуулалт хийж, туслах багш нараа ажиллуулдаг.
“Бага ангид зургаан настай хүүхдүүдийг авдаг боловч нас хэтэрсэн хүүхдүүд ирэх тохиолдол их байдаг. Хөгжлийн брэхшээлтэй хүүхдүүдийг 9 дүгээр анги хүртэл нь сургадаг байсан бол 2015 оноос ахлах ангийг хичээллүүлэх зөвшөөрлийг авч, өнгөрсөн жил нэг анги, энэ жил хоёр ангийг гаргаад мэргэжлийн сургалт явуулж байна. Гурван жилийн хугацаанд ерөнхий эрдмийн хичээлийг харьцангуй бага үзэж, мэргэжлийн хичээлээ түлхүү үзэхээр сургалтын төлөвлөгөөгөө боловсруулсан. Улсдаа хэрэгтэй ажил хөдөлмөр эрхэлдэг иргэнийг төлөвшүүлж, бэлтгэхийн төлөө ажиллаж байна” хэмээн тус сургуулийн захирал Ч.Ганбилэг танилцуулсан. Мөн тэрээр багш нар хүрэлцээ муу, орон тоо дутагдалтай, үдийн цай хөтөлбөрийн зардал бага, нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх, цалин урамшууллыг нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зөөвөрлөдөг автобус, эмийн зардлыг төсөвт суулгах шаардлагатай байгаа зэрэг бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэлж байлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм.
Хөгжлийн брэхшээлтэй хүүхдүүдийг эцэг эх, ойр дотны хүмүүс нь л ойлгож харилцдаг. Цэцэрлэг сургуулийн хүрэлцээ муу, албан ёсны онош гардаггүй, эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээл их байдаг. Тухайлбал, зөвхөн бариа засал 10 хоног хийлгэхэд 400 гаруй мянган төгрөг болдог бол гадагшаа эмчилгээнд явахад 100 гаруй сая төгрөг зарцуулж байна. Энэ бүх асуудалд төр засгийн зүгээс зайлшгүй анхаарал тавьж, тусгай сургуулиудад эдийн засгийн дэмжлэг үзүүлж, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг эцэг эхчүүд хэлж байв.
Улсын Их Хурлын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан тусгай сургуулиудад газар дээр нь ирж, анхан шатны, халуун цэг дээр ажиллаж байгаа багш ажилтнуудын саналыг сонсож байгаагаа дуулгаад, гарсан саналуудыг нэгтгэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр хэлэхдээ “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засаж хөгжүүлэх хөгжлийн төвийг Монгол Улсад анх удаа байгуулахаар болсон. Энэ төв бол сургууль, цэцэрлэг биш. Ингэснээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангагдсан үндэсний хэмжээний төв нь бүх оношилгоо, эрт илрүүлэлт, эмчилгээ үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээн танилцуулав.
Дэд ажлын хэсгийн гишүүд Сувилалын цэцэрлэгийн яслийн 10 дугаар цогцолборын үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэрлэгийн барилгыг 1964 онд ашиглалтад оруулжээ. Олон жилийн насжилттай учир мэргэжлийн байгууллагаас үйл ажиллагаа явуулахыг хориглож, 2013 онд акталсан байна.
Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт төрөлхийн тархины саажилт, төрөх үеийн хүндрэлээс үүссэн тулгуур эрхтний согогтой, хэл сэтгэхүйн бэрхшээлтэй, дауны синдром буюу генийн өөрчлөлттэй 2-6 насны 86 хүүхэд байгаа бөгөөд “Өнөр бүл” төвийн дэргэдэх 58 дугаар цэцэрлэгийн байрны нэг жигүүрийн дөрвөн өрөөнд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд шинэ барилгын санхүүжилтийн асуудлыг 2017 оны төсөвт суулгаж шийдвэрлэх тал дээр байнгын хорооны гишүүд анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг Сувилалын цэцэрлэгийн яслийн 10 дугаар цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал хүссэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.