Э.Бат-Үүл: Би өдөр бүр хэрэг илрээсэй гэж залбирдаг

2016 оны 9 сарын 12

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийв. Тэрээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр зар тараасан боловч С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ уг хэрэгт хамгийн их хэлмэгдсэн хүн нь "би" гэж хэлэв. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа сэжигтнээр татагдсан болохоо хэлээд хуулиас гадуур гүтгэж, хэрэг үүрүүлэх гэж байна гэв.

2000 онд түүнийг ямар ч мэдээлэл өгөлгүйгээр Ганц худагт хорьж байсан шиг нөхцөл байдал үүсээд байгаа тул тэрээр хэвлэлийнхэнд болж буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа юм байна.

С.Зориг агсны хэргийг сонгуулийн өмнө сөхөж гаргаж ирдэг нь ямар нэг учиртай гэдгийг тэрээр онцлов. 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө дөрөвдүгээр сард энэ хэргийг сөхөж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө дахин хэргийг сөхөж түүнийг сэжигтнээр татсан байна.

“Тухайн үед Нийслэлийн цагдаагийн даргаар ажиллаж байсан н.Ганболд намайг хамгаалалтад авах нэрийдлээр хэргийн газар аваачсан. Тухайн үед гэмт хэргийн газрыг хамгаалалтад авахгүй олон түмэн бужигнуулсан хүмүүс яаж илрүүлэх юм бэ гээд Ц.Элбэгдоржид хэлж байсан. Гаднаас өндөр зэрэглэлийн мөрдөгч авч ирэх хэрэгтэй. Олон улсын дэмжлэг авъя гэж би хэлсэн. Цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гээд С.Оюун, Д.Дорлигжав хөдөлж өгөөгүй.

Тэр үед би хадам ээжийнхээ өмсдөг байсан малгайг тухайн үед хэргийн газар мартсан байна лээ. Харин хэргийн дараа гэрчээр надаас мэдүүлэг аваад малгайг маань мартсан байсан нь тогтоогдлоо хэмээн буцааж өгсөн.

Харин 2000 оны УИХ-ын сонгуулийн үед надаас малгай байгаа эсэхийг асуусан. Малгай байсан тул буцаан аваад сэжигтнээр татсан.

Гэтэл сонгуулийн өмнө дахиад л надтай холбож гүжирдэж байна. Сонин, сайтуудаар С.Зориг агсны хэрэгт намайг холбоотой хэмээн бичсэн. Үүнийг би прокурорт өгсөн, гэвч шалгаж өгөхгүй байна. Өмнө нь намайг алуурчин гэж байсан бол одоо алж байхад нь намайг сууж байсан мэтээр бичсэн. Сонгуулийн үеэр дахиад намайг сэжигтнээр татах тогтоол гарсан байсан.

Намайг нэг хэрэгт хоёр удаа сэжигтнээр тогтоогдсон. 16 жилийн өмнөх тогтоолыг маш нууцын зэрэглэлд оруулсан. Гэхдээ мөрдөн байцаагчийн шийдвэрээр нууцын зэрэглэлд оруулсан байна лээ. Ийм боломжгүй. Би өдөр бүр хэрэг илрээсэй гэж залбирдаг. Гэтэл энэ хэргийг улс төрийн зорилгоор ашиглаж байна” гэдгийг тэрээр хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36235
0 эможи
keyboard_arrow_up