Өнөөдөр зургаан яамны ТНБДарга нар сонгогдоно
Төрийн албаны зөвлөлөөс зарим яамдын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт зарлаад буй. Уг сонгон шалгаруулалт өнөөдөр эхний байдлаар явагдах юм байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад, "Өнөөдөр:
-Гадаад харилцааны яам,
-Хууль зүй, дотоод хэргийн яам,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,
-Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт болно.
Сонгон шалгаруулалтын асуудлаар манай байгууллага тусгай комисс байгуулсан байгаа. Өглөө 09:30 цагаас сонгон шалгаруулалт явагдаж эхэлнэ. Хэвлэлүүдээр таван яамны ТНБД нар томилогдлоо гэсэн мэдээлэл явсан. Манайхаас яамдын ТНБД нарын сонгон шалгаруулалт зарлагдсаны дагуу анхны шалгаруулалт өнөөдөр явагдах гэж байна. Тиймээс томилогдсон гэгдээд байгаа ТНБД нарын мэдээлэл худлаа" гэсэн мэдээлэл өглөө. Тус байгууллагаас өгч буй мэдээллээр бол энэ сарын 27-ны өдөр нэр бүхий хоёр яамны ТНБД нарын сонгон шалгаруулалт болох аж. Төрийн албаны зөвлөлөөс нийтдээ найман яамдын ТНБД нарын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй байдлаар зарласан юм байна.
Бидэнд олдсон мэдээллээр МАН-аас доорх нэр бүхий хүмүүсийг ТНБД-аар томилох тохироо хийсэн гэгдээд байгаа юм. Үүнд,
Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч,
Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан,
Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар "ТВ 5" телевизийн сэтгүүлч асан, ИТХ-ын төлөөлөгчГ.Ганбаяр
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсанЛ.Баяртулга нарын нэр тодорчээ. Харин Эрүүл мэндийн яамны ТНБД-ын даргын томилгоог түр түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл байна.