Ж.Энхбаяр: Эхлээд эдийн засгийн уналтыг зогсоох бодлого явуулах ёстой

2016 оны 9 сарын 08

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.

-Төсвийн тодотгол дээр олон таналт хийхээр оруулж ирсэн байна. Оюутны 70 мянга, төрийн албан хаагчийн тэтгэмжийг танахар болсон байна. олон нийт дургүйцлээ илэрхийлж байх шиг байна. Заавал ийм таналт хийх хэрэгтэй байсан юм болов уу?

 -МАН Засгийн газраа байгуулаад сар орчим болж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн тоо баримтыг бодитойгоор мэдэх боломж бүрдлээ. Бид нарын авч байсан тоо баримт өөр байсныг мэдлээ. Ялангуяа олон төсөл хөтөлбөр Төсвийн хууль зөрчсөн байдал, Монгол Улсын зээлийн босго давсан зарцуулалтын байдал зэрэг нь бидний авч байсан мэдээллээс тэс өөр үзүүлэлт, дүр зураг гарч ирсэн. Монголчууд бид нийгэм, эдийн засгийн хүнд сорилтыг даван гарах болж байх шиг байна. Тиймээс бодит мэдээллийг ард түмэндээ мэдээллэх ёстой. Ард түмнийг төөрөгдүүлж, хуурч болохгүй. Бид хамтдаа эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд зүтгэх цаг ирлээ. Эхлээд эдийн засгийн уналтыг зогсоох бодлого явуулах ёстой. Тэгэхгүй бол гадаад худалдаа, тэнцэл, валютын ханш гээд хямралт нөхцөл байдал гүнзгийрэх төлөвтэй боллоо. Хямралыг зогсоосны дараа мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудаа хэрэгжүүлэх, эдийн засгийг тэлэх үе шаттай бодлого явуулах хэрэгтэй гэж би үзэж байна. Өмнө нь баталсан улсын төсөв эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалж хэрэгжих боломжгүй болсон. Тодотгол ороод ирэхээр бүх тоо баримт олон нийтэд ил болно. Бид Хөгжлийн банк, Монголбанк болон Засгийн газраас зарцуулсан төсөвтэй холбоотой шалгах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Олон зүйл ил тод болно. Төсвийн сахилга батаа сайжруулж аваад УИХ-ын намрын чуулганаар 2017 онд Монгол Улсыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндэслэл, мөнгөний бодлого, төсвөө батлаад явах ёстой.

Нийгмийн халамж, зардал тойрсон асуудлыг тодотголд тусгасан байсан. Яагаад ийм нөхцөл байдал бий болов гээд олон зүйлийг бид ээлжит бус чуулган эхлэхээр Засгийн газраас асуух гээд бэлдэж байна. Засгийн газар бодит мэдээллийг ил тод өгөх байх.

-Төсвийн тодотголд танахаар оруулж ирсэн халамжуудыг хэмнэлт хийхийн тулд хийж байгаа зөв гэж харж байна гэж ойлгож болох уу?

-Засаг тоогоо оруулаад ирэхээр бидэнд боломж юу байгаа юм, чадамж юу байгаа юм гэдгийг харна. Нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. Дээр нь валютын нөөцгүй болсон гэдгийг Төвбанкны Ерөнхийлөгч мэдэгдсэн.

-Төсвийн тодотголд Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай тусгасан байсан. Эдийн засагчдын үзэж байгаагаар Стэндбай хөтөлбөр хэрэгжүүлбэл татвар нэмэх, цалин хасах шаардлагагүй болдог гэж байсан?

-Стэндбай гэдэг бол тогтворжуулах гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг хяналтаас гарсан тул олон улсын тусламжийг хүсч байна гэсэн үг. Тэгэхээр ээлжит бус чуулганаар Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг шийдэх ёстой. Тэгэхдээ эдийн засгийн бүх үзүүлэлтийг ярих байх. МАН олон түмэнд мэдээллийг ил тод өгнө, бид ард түмнээс юм нуухгүй, бас ард түмнийг хуурахгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36115
0 эможи
keyboard_arrow_up