Ж.энхбаяр: Банкны зээлээс гараад ломбардны зээлд орчихлоо

2016 оны 9 сарын 08

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын нийт өр хэдэн төгрөг болчихоод байна вэ? 

-2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрсэн мэдээ бий. Шинэ он гарснаар Засгийн газар БНХАУ, Энэтхэгээс  тус бүр нэг тэрбум  өрийн асуудал гэрээ хэлэлцээрийн шатанд үргэлжилж байна.  Тэгвэл өр гэж юу юм бэ. Эрх баригчид "Өр бол өглөг" гэсэн уламжлалт ойлголтоор дамжуулан сааруулах гэж оролдож байна. Олон улсын валютын сангийн тодорхойлолтоор гадаад өр гэдэг бол "Тухайн оронд оршин суугч нь гадаад улс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн  төлбөрүүдийн нийлбэрийг хэлнэ" гэсэн байгаа юм. Монгол улсын Өрийн удирдлагын тухай хуульд улсын нийт гадаад өр гэж "Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс  Монгол Улсад бүртгэлгүй байнга оршин суугч бус аливаа этгээд төлөх төлбөрийн үүргийг Монгол Улсын нийт гадаад өр" гэнэ гэсэн байна. Өр гэдэг бусдын өмнө хүлээсэн  төлбөрийн үүрэг. Энэ бол эрх биш үүрэг.Тиймээс өр гэнэ үү, өглөг гэнэ үү ялгаагүй төлөх л ёстой. Монгол Улс өмнө нь өр зээл авч байсан. Үүгээр дамжуулан нийгэм, эдийн засгийн  хөгжил дэвшилд хүрсэн ард түмэн. Монголчууд  11.7 тэрбум ам.долларын өрийг 70 жилийн хугацаанд авсан байдаг. Улаанбаатар, Дархан,   Хөтөл, 21 аймгийн төвийг 300 гаруй сумтай бүтээн босгосон. Монгол Улсын өнөөдрийн үйлдвэр, соёл шинжлэх ухаанаа хөгжүүлсэн. ЮНЕСКО-гоос бичиг үсэг тайлагдсан гэх өндөр амжилтыг үзүүлж байсан. Энэ өрийн 98 хувийг  чөлөөлж, улс орондоо дарамтгүйгээр шийдэж чадсан. Одоо 21.6 тэрбум ам.долларын өр буюу хоёр дахь их өрийн ойлголт бий боллоо. Евро бонд 680 сая ам.доллар,  "Чингис" бонд 1.5 тэрбум ам.доллар, МИАТ-ын гаргасан 121 сая долларын Засгийн газрын  баталгаа,  Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.доллар Засгийн газрын баталгаа, Дим Сан бонд 162 ам.доллар гэхмэтчилэн  зээлүүд цаашаа үргэлжилж байна.

- Монголын эдийн засаг муудсанаас гадна гадаад нэр хүнд ч огцом буурлаа. Одоо сэргэх боломж бий юү?

-20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс дундаж орлоготой орон болсон. Ингэснээр Монгол Улс олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох боломжтой болсон. Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлсэн, эдийн засаг нь 17 хувьд хүрч, валютын хуримтлалтай болж чадсан. Олон улсын байгууллагууд зээлжих зэрэглэлд сайн үнэлгээ өгч байсан.  Ирээдүйн Катар, Күвейт шиг эдийн засгийн таатай орчинтой нам боллоо гэцгээж байлаа. Ийм сайн нэртэй Монголыг одоогийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн.  Монголын түүхэнд байгаагүй их мөнгийг хүлээж авсан. Эндээс хамгийн онцгой нь гадаадын ч дотоодын ч иргэдийн Монголд итгэх итгэл бий болсон явдал юм. Гэтэл өнөөдөр юу болов оо. Одоо бол Монголын зээлжих зэрэглэл дөрөв дахин буурчихаад байна. 

-Ерөнхий сайд асан Сү.Батболд "Зээлийг зээл авч дарах нь шараа архиар даруулахтай адил" гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр энэ их зээлийг хэрхэн яаж барагдуулах вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурлаа. Хэвийн явж байсан томоохон төслүүд намуудын талцал, хуваагдлаас болж таг зогсчихлоо. Үүнийг аргалахын тулд богино хугацаатай, хүү өндөртэй зээл авч эхэлсэн. Ардын намын үед ч бонд босгож байсан. Засгийн газарт 100 хувь хүлээлгэж өгсөн. Бид дөрвөн хувийн хүүтэй зээл босгож байсан. Одоо зээлийн өртөг маань 12, 13 болчихлоо. Энгийнээр хэлэхэд банкны зээлнээс гараад ломбардны зээлд орчихлоо. Ломбардны зээлээр амь зогоож байна. Эрх баригчид амьдрал сайн сайхан байна гэж итгүүлэх гэж байна. Гэвч эдийн засгийн алдаатай бодлогын үр дүнд иргэдийн худалдан авах чадвар буурлаа. Монгол төгрөгийн ханш хоёр дахин уналаа.  2012 оны дундаж цалин 600.000 төгрөг байсан  энэ нь 500 ам.доллартай тэнцэж байгаа юм. Энэ хугацаанд цалин тэтгэвэр нэмсэнгүй. Тэгэхээр 600.000 төгрөг нь өнөөдрийн 270, 280 ам.доллартай тэнцэж байна.Цалин багасаагүй гэж эрх барьж байгаа хүчин тайлбар тавьж байгаа ч  хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангаж байна шүү дээ. 

-Ингэж дураараа дургисан хүмүүст ямар ч хариуцлага тооцохгүй гэж үү?

-Эрх баригчид хариуцлагагүй дээр нь ёс зүйгүй байна. Эдийн засгийн хөгжийн сайд асан Н.Батбаяр гэхэд "Чингис бонд бол өр биш. Эцэг өвгөдийн өгсөн өглөг" гэсэн агуулгатай зүйл ярьж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Бондын өрийг бид төлөхгүй. Бидний үр хүүхэд төлнө" гэж байна. УИХ-ын дарга АН-ын дарга З.Энхболд "Зээл өгсөн Ардын банк санаа зовохгүй байхад зээл авсан Б.Бат-Эрдэнэ гишүүн та юунд нь санаа зовдог юм бэ" гэж чуулганы индрээс хэллээ. Бид дөрвөн жилийн өмнө хөгжин цэцэглэсэн шинэ Монгол Улсыг хүлээлгэн өгсөн. Өнөөдөр нэр хүндээ алдсан өр зээлд баригдсан дэлхийн итгэлийг алдсан улс боллоо. Ганц зүйлийг онцолж хэлэхэд өнгөрсөн дөрвөн жилд урьд нь байгаагүй их хөрөнгийг захиран зарцуулж, үрэн таран хийсэн. Хариуцлага тооцох цаг ирэх байх гэж бодож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36113
0 эможи
keyboard_arrow_up