Ж.энхбаярыг итгэл дүүрэн хүлээж авлаа

2016 оны 9 сарын 08

УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Энхбаярын иргэд, сонгогчтойгоо хийх уулзалт үргэлжилсээр байна. МАН-аас итгэл хүлээлгэн нэр дэвшиж байгаа Ж.Энхбаярын сонгуулийн ажилд Баянзүрх дүүргийнхэн амжилт хүсэн угтан авав. Баянзүрх дүүрэг бол нэр дэвшигч Ж.Энхбаярын хувьд төрж, өссөн газар. Тус дүүргийн сонгогчид өөрсдийн өмнө тулгарч байгаа бэрхшээл, сорилт, хүндрэлтэй асуудал, улмаар Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа засаглалын хямралд хамгийн бодитой хандаж чадах, гарц нээх хүн бол Ж.Энхбаяр хэмээн үзэж байна.

          Улс төрийн ууган хүчин МАН-аас нэр дэвшиж буй Ж.Энхбаяр “Бид үр хойчдоо өр, зээл, ядуурал үлдээж болохгүй. Байгалийн эрдэс баялаг маань хэмжээ хязгаартай. Тиймээс зөвхөн өнөөдрийг бодох бус маргаашаа бодох цаг ирээд байна. Бид үр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээж байгаа улс гэдгээ ердөө ч мартаж боломгүй. Уул уурхайн бус тогтвортой эдийн засгийг бий болгож, хөдөө аж ахуйгаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Засаг барьж байгаа хүмүүс өнөөдөр тун хариуцлагагүй мэдэгдэл хийж, иргэдийг төөрөгдөлд оруулж, эдийн засгийг улам хүндрэлтэй байдалд оруулж байна” гэлээ.

          Нийслэл хотын нийт хүн амын 23.8 хувь нь оршин суудаг Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй цөөнгүй асуудал байгааг уулзалтын үеэр иргэд, сонгогчид хэлж байсан юм. Үүнийг шийдвэрлэх гарц нь энэ удаагийн улс төрийн сонгууль болохыг зарим сонгогч хэлж байв. Асуудал хөндсөн ажил хэрэгч уулзалтад иргэд нэмэгдэж ирсээр байлаа. Иргэд гадаад өр, валютын ханш, эдийн засгийн өнөөгийн байдал, үнийн өсөлтийн талаар асуулт, хариулт, санал сэтгэгдэл ихтэй уулзалт өрнөв.

Сонгуулийн 50-дугаар тойргийн хувьд харьцангуй хотын төв хэсэгт багтдаг. Энэ утгаараа иргэдийн амьжиргааны түвшин болон ажил эрхлэлтийн байдал ч харьцангуй өндөр гэсэн үг. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлыг ирэх дөрвөн жилийн хугацаанд нэр дэвшигч Ж.Энхбаяр бодитой ажил хэрэг болгож ажиллана гэдэгт итгэж байгаагаа иргэд энэ үеэр хэлж байв. Нэр дэвшигчээс иргэд Тавантолгой ордын 1072 ширхэг хувьцааны талаар уулзалтын үеэр лавлаж байсан юм.

          МАН-ын нэр дэвшигч Ж.Энхбаяр “Иргэд өөрт байгаа хувьцаагаа зарж болохгүй. Энэ бол илүү үнэ цэнтэй байх боломжтой үнэт цаас, өв хөрөнгө. Тиймээс сонголт, боломжоо өнөөдөр худалдаж болохгүй” хэмээн уриалсан юм. Монгол Улс эдийн засгийн хямралд орсныг нэр дэвшигч нэг бус удаа хэллээ. Энэ байдал иргэдийн амьжиргааны түвшинд нөлөөлж байгаа гэв. “МАН алдах эрхгүй сонгуульд орж байна. Тиймээс бидний хувьд тун хариуцлагатай цаг үе ирлээ” хэмээн УИХ-ын 50-дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяр сонгогчдод хандаж хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36104
0 эможи
keyboard_arrow_up