С.Эрдэнэ: Төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал зэргийг танах нь зөв
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийг Засгийн газар зогсоосон нь бодлогын алдаа гэж үзэж байгаа юм байна. “Дээрх сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төв банк арилжааны банкуудад 553.8 тэрбум төгрөгийн зээл олгож хэрэгжүүлсэн. Гэтэл энэ оны төсөвт тодотгол хийхдээ МАН-ын удирдлагууд дээрх зээлийг төсөвт тусгах гэж байгааг шүүмжлэв. Учир нь арилжааны банкууд Төвбанкнаас зээлсэн дээрх мөнгийг зээлдэгчдэд өгөхдөө бүх эрсдэлийг өөрсдөө хүлээсэн байна. Бизнесийн зарчмаар хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрүүдийг зогсоох нь буруу. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.2-ийг зөрчсөн үйлдэл болно” гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ. Мөн тэрбээр “Эдийн засагт үүссэн хямрал нь олон жилийн туршид үргэлжилсээр ирсэн манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай. Тиймээс эдийн засгийн буруу бүтцээ зөв болгохоос Ардчилсан нам ажлаа эхэлсэн гэдгийг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр зарим төрийн албан хаагчийн цалинг буруулна гэж мэдэгдсэн. Энэ нь хууль зөрчиж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тайлбарлалаа.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй”. гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна.
Мөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонх болсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэж үзэж байна.
Өнөөдөр Монгол Улсад 180,000 гаруй төрийн албан хаагчид, тэдний ард тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд амьдарч байна. Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэллээ.