Шадар сайд БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016 оны 8 сарын 11

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Шадар сайдаар томилогдсонтой нь холбогдуулан БНТУ-ын Шадар сайдаас баяр хүргэж илгээлт ирүүлсэнд талархаж байгаагаа У.Хүрэлсүх илэрхийллээ. Мөн хоёр улсын хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад Элчин сайд М.Каракөгийн оруулсан хувь нэмэр их гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ.

Өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх онцлов. БНТУ-д 800 гаруй монгол залуу сурч байгаагийн 300 орчмыг нь тус улсын Засгийн газар тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийллээ. 

Хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд ТИКА байгууллага Монгол Улсад 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлээд байгааг Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Карагөз онцоллоо. 

 Цаашид аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухлыг талууд онцлов. Энэ жил Монгол Улсад болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар энэ талаар хэлэлцэн харилцан ашигтай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35295
0 эможи
keyboard_arrow_up