"Сайн хувьцаа" хөтөлбөрийг зогсоолоо
Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийв. Монгол Улсын төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж байгаа учир "Сайн хашаа", "Сайн малчин", " Сайн хувьцаа", "Сайн оюутан" зэрэг хөтөлбөрүүдийг зогсоохоор болсон байна.
“Сайн” хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж хэрэгжүүлж эхэлсэн эдгээр хөтөлбөрүүдэд 596 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулаад байгаа юм.
Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.