В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна
ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Тэрээр өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд зочилж УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нартай уулзаж, Засгийн газар хоорондын протокольд гарын үсэг зурлаа. В.Н.Дрожжов Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхантай хоёр орны батлан хамгаалах салбарын талаар санал солилцсон.
Үүний дараа "Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай Засгийн газар хоорондын Протокольд гарын үсэг зурсан юм. ОХУ-ын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов, Монгол талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан гарын үсэг зурсан. Энэхүү Засгийн газар хоорондын Протокольд гарын үсэг зурснаар манай улсад зэвсэг техникийн туслалцаа үргэлжлүүлэн авах, ОХУ-д сургах цэргийн алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Гарын үсэг зурах ёслолын дараа В.Н.Дрожжов Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзав. Уулзалтын эхэнд Б.Бат-Эрдэнэ сайд манай сайхан оронд тавтай морилохыг хүсээд Монгол Улс, Орос Улсын эртний уламжлалт найрсаг, сайн хөршийн харилцааны нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь батлан хамгаалах салбарын харилцаа гэдгийг онцлов.
ОХУ манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхэд асар их хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж байгаад бид баяртай байдаг. Энэ тусламжийг үзүүлэх анхны хэлэлцээр байгуулахаас эхлээд түүний хүчинтэй хугацааг удаа дараа сунгах, зэвсэглэл техник нийлүүлэхэд Орос Улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, түүний удирдлага та бүхэн ихээхэн анхаарч чухал үүрэг гүйцэтгэж байгаад Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархая гэв. Энэ удаа ч та ирж Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай Засгийн газар хоорондын Протокольд гарын үсэг зураж, тусламжийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэнд бид баяртай байна. ОХУ-аас тусламжаар авсан зэвсэг техникийг бид олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох, байлдааны бэлтгэл сургалт зэрэгт үр дүнтэй сайн ашиглаж байгаагаа дуулгах ёстой. Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг улам боловсронгуй болгож хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно" гэсэн юм.
Энэхүү хоёр талын уулзалтад Монгол талаас Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, манай улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе бригадын генерал Г.Энхбаатар нарын албаныхан оролцсон бол ОХУ-ын талаас ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташе, хурандаа Г.М. Сулимук нарын албаныхан байлцлаа.