З.ЭНХБОЛД: Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажилтайгаа танилцаж байж ТВ ярилцлагад орж бай
Бид МАНдуулна, улсын эдийн засаг муудсан бид ингэж төр барьдаггүй байсан зэргээр харлуулж болох бүх сэдвээр лоозондож байж МАН төрийн эрхэнд гарсан. Тэгвэл тэдний өмнөхөө муудпаг зан, сонгууль нь дуусаагүй байгаа бололтой.
Саяхан Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан “Өмнөх эрх баригчид энэ улсыг ам.долларын нөөцгүй болгосон” гэсэн утгатай мэдээлэл хийсэн нь ам.долларын ханш өсөлтийг шууд бий болгосон гэж наад захын валютын ченж ярьж байна. Харин МАН-ыг засаг авахад 1930 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөдөр 2150 төгрөг гараад явж байна. Гэтэл тэд үүнийг одоо хирнэ ярьдаггүй.
Т.Баяртсайханы хариуцлагагүй мэдэгдлийн араас өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн бас л хэт улс төржсөн мэдэгдэл хийсэн нь хөөсөрч байгаа эдийн засгийг бүр хөдөлгөж орхилоо гэж эдийн засагчид ярьж байна. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч, манай улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, валютын орох урсгалд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Нөгөө талаас өнгөрсөн 4 жил явуулсан төсөв, мөнгөний алдаатай бодлого, тооцоо судалгаагүй, уялдаа холбоогүй шийдвэрүүдийн уршгаар улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал туйлын хүнд байдалд орсон” хэмээн мэдээлэв.
Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн тус мэдэгдэлтэй холбогдуулж УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн facebook хуудсаараа дамжуулж Б.Чойжилсүрэнд зөвөлгөө өгчээ.
ТЭРЭЭР:
Сангийн сайдад өгөх зөвлөлгөө:
1. “Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай.
2. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг нэг их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа.
3. Ипотекийн 5 болон 8 хувийн зээл, "Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа" хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг зээл авсан иргэд нь төлдөг болохоос улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33 хувийнх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.
4. Танай яам уг нь урд 4 жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнээ” гэжээ.