Баримт: Б.Чулуудайн оффшор дахь компани 2013 онд татан буугджээ

2016 оны 6 сарын 20

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нь оффшор бүсэд компани  байгуулж байсан нь фанамын баримтаар тодорхой болсон. Уг мэдээлэл гарсан даруйд Б.Чулуудайн зүгээс “Би хуулийн дагуу оффшорт компани байгуулсан. Гэхдээ уг компаниа нээгээд л орхисон. Ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Тус компани нь үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад татан буугдсан” гэсэн тайлбарыг хийж байсан билээ. Харин Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Миний хүү оффшор дахь компаниараа дамжуулан ганц л удаа гүйлгээ хийсэн байвал би албан тушаалаасаа татгалзана. Дахиж хэзээ ч сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй” гэж хэлж байсан. Харин сүүлийн үед МАН-аас энэхүү мэдээллийг илт гуйвуулан мэдээлж буйг Нийслэлийн АН-ын хуулийн зөвлөх Р.Батцогт, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Д.Нямдорж нар эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

 Э.Бат-Үүлтэй нэг тойрогт өрсөлдөж буй МАН-ын нэр дэвшигч Б.Цэрэн нь өнгөрсөн бямба гаригт олон нийтэд мэдээлэл хийж “Б.Чулуудай оффшорт данстай. Түүгээрээ гүйлгээ хийсэн нь тогтоогдож байна. Нэг биш нилээн хэдэн оффшор данстай юм байна” гэсэн. Харин Нийслэлийн АН-ын хуулийн зөвлөх Р.Батцогт МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Б.Цэрэнгийн мэдээллийг эрс үгүйсгэж илтэд худал, нэр төрд халдсан гүтгэлгийн чанартай гэв.
 Б.Чулуудай нь 2011 оны зургадугаар сард Сингапур улсын Моссак Фонсека нэртэй хуулийн этгээд байгуулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниар дамжуулан олон улсын хууль дүрмийн дагуу “Strategic Mines Inc” ХХК-ийг байгуулсан бөгөөд энэхүү компанийг 2013 онд татан буулгасан байна. Уг компани нь үйл ажиллагаа явуулаагүй, дансаараа ямар нэг гүйлгээ хийгээгүй болохыг Британийн Виржин арлуудын Санхүүгийн үйлчилгээний хорооноос албан ёсоор нотолсон байна. Энэ талаарх бичиг баримтыг Виржин арлаас явуулжээ. Виржин арлын Санхүүгийн үйлчилгээнээс ирүүлсэн бичиг. 

Б.Чулуудай нь аль таван жилийн өмнө оффшорт компани  нээсэн нь ч компаниараа дамжуулан нэг ч гүйлгээ хийгээгүй цаашилбал компани нь дампуурсан нь тодорхой байхад МАН-аас илт гүтгэсэн, худал мэдээлэл цацаж байна гэж  Нийслэлийн АН-ын хуулийн албанаас мэдээллээ.

 МАН-аас нэр дэвшигч Б.Цэрэн нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.13.-ийн “бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Цаашилбал Монгол улсын Үндсэн хуулийн 16-ын 14-т заасан “... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байх ба “офшор компани”-тай байх нь манай улсын Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг гэж заасан нэг ч зүйл заалт байхгүй. Гэтэл Б.Чулуудайг “гэмтэн” гэмт хэрэг үйлдсэн” мэтээр нийгэмд тараан түгээж сонгуулийн зорилгодоо ашиглаж байгаа явуургүй үйл ажиллагааг таслан зогсоож, энэ ажлыг гардан зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Б:Чулуудайгийн зүгээс цагдаад хандан гомдол гаргажээ.
Т.Энхэлээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34662
0 эможи
keyboard_arrow_up