Монгол улс дэлхийд гуравдугаарт бичигдэх том эдийн засагтай холбогдох бүрэн боломжтой
Хатагтай Викториа Кваква, Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд энэ сарын 09-10-нд болж буй АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтад оролцож байгаагаа дуулгалаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтад Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Викториа Квакваг цаг гарган өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаад 25 жил болсон бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас нийт 816 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй болон техник туслалцааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн бүхий л салбарт бүтцийн өөрчлөлт хийх, эрх зүйн зохицуулалт, институцийг бий болгох, бэхжүүлэх, бусад улс орнуудын шилдэг туршлага, мэргэжлийн экспертизийг нэвтрүүлэх зэрэг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн дэмжлэгийг үзүүлж ирсэн найдвартай түнш байгууллага болж чадсан болохыг тэмдэглэн хэлсэн юм.
Мөн тэрээр, Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиснаар Дэлхийн банкнаас Монгол Улсад олгох санхүүгийн дэмжлэгийн дүн нэмэгдэж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнд таатай байна. Цаашид манай улсын макро эдийн засаг, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэн тулгуур салбарууд буюу хөдөө аж ахуй, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэж найдаж байна гэлээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас Монгол Улсад IDA 17-ын хүрээнд нийт тодорхой санхүүжилт хуваарилсан бөгөөд тус хөрөнгөөр санхүү эдийн засаг, xөдөө аж аxуй, нийгэм болон эрчим хүчний салбарт нэн шаардлагатай 5 төсөл хэрэгжүүлэхээр тохироод байгааг мөн дурдаад “Эдгээр төслүүдийн нэг болох “Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хийгээд байна. Одоо энэхүү төслийг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөр батлах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд төслийг дэмжиж гэдэгт найдаж байна” гэв. Уулзалтын үеэр талууд Дэлхийн банк болон Монгол Улсын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон юм. Монгол Улс эдийн засгийн хэтийн чиг баримжааг экспорт хэмээн тодорхойлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулав. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Япон Улстай сүүлийн 10 жилийн хугацаанд энэ хэлэлцээрийн талаар яриа, хэлэлцээ явуулсан юм. Энэ хүрээнд манай улс Японы бусад орнуудтай харилцдаг production network, economic connective network-руу нэвтрэх боломж бүрдлээ. Мөн Япон Улсын хувийн компаниуд манай улсад хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй болсон. Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон Улсад станц байгуулаад ажиллуулж байна. Тус улсад хийсэн ажлын айлчлалынхаа үеэр өөрийн биеэр очиж үзлээ. Мөн манай улсад үйлдвэрлэсэн машины эд анги “Тоёото”, “Ниссан” зэрэг автомашины үйлдвэрүүдэд нийлүүлэгдэж байна. Энэ бол production network-ын бодит жишээ юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр одоо манай улсад хөрөнгө оруулалт хийсэн Японы 10 компанийн тоо 10.000 болж өргөжих боломжтой. Хэлэлцээрийн хүрээнд 8000-9000 нэр төрлийн бараа хоёр улсын хооронд татваргүй болж байна. Мөнгө, технологийн урсгал чөлөөтэй болсон. Ажиллах хүч, мэргэжилтний солилцоог чөлөөтэй болгох талаар ярьж байна. Энэ бүхний үр дүнд Монгол Улс дэлхийд гуравдугаарт бичигдэх том эдийн засагтай холбогдох бүрэн боломжтой болж байна. Ингэснээр Монгол Улсын хувьд 2 тэрбум ам.долларын уул уурхайн бус экспорт бодитой болох юм гэлээ.
Улсын Их Хурлын даргын Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Викториа Кваква тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсон, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.