Ерөнхий сайд “Хяналтын шинэтгэл-Эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хуралд оролцлоо

2016 оны 6 сарын 07

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банкны худалдаа, өрсөлдөх чадварын газар хамтран “Эдийн засаг, сайн засаглалыг бэхжүүлэх хяналтын шинэчлэл” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж байна.

 

Мэргэжлийн хяналтын байцаагчид, бизнес эрхлэгчид, олон улсын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг нээж Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг үг хэллээ.

Төрийн зохицуулалтын чиг үүргийг боловсронгуй болгож, төрөөс цөөн тооны гол чиг үүрэг дээр төвлөрөн, төсвийн зарлагыг бууруулж, захиргааны дарамт, хүнд суртлыг багасгах, хяналтын байгууллагуудын хүний болон төсөв, санхүүгийн нөөцийг хамгийн үр ашигтай зарцуулах, аюулгүй байдал руу хандуулсан шинэ хандлагыг бий болгосны үр дүнг эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгжүүд хүртэж, улмаар энэ нь улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн мэргэжлийн хяналт шалгалтын тоо 2009-2015 онд дунджаар 57 хувиар буурсан бөгөөд сүүлийн 4 жилд аж ахуй эрхлэгчид төрийн хяналтад зарцуулдаг захиргааны зардлыг 5 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэснийг онцолсон юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зохицуулалтын буюу зөвшөөрлийн шинэчлэлийн хүрээнд төрийн тусгай болон бусад 1000 гаруй зөвшөөрлүүдийг хянан үзэж, хууль эрх зүйн үндэслэлгүй, хүнд суртал, дарамт учруулдаг зөвшөөрлүүдийг “цаазалж”, үлдсэн зөвшөөрлүүдийг аль болох шуурхай олгох, хүчинтэй үйлчлэх хугацааг уртасгах зэргээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байна гэдгийг тодотгоод дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үнэлгээгээр Монгол Улс дэлхийн 188 орноос 79 дүгээр байрнаас 56 дугаар байр руу урагшилж чадлаа гэв.

Мөн цаашид хүний аюулгүй байдлыг хангадаг, иргэндээ үйлчилдэг, хуулиа хэрэгжүүлэхэд нь хамтран ажилладаг, улмаар эдийн засгийн  өсөлтийг хангадаг, сайн засаглалтай төрийн хяналтын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэхэд юу хийх талаар танилцууллаа. Бизнесийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ хувийн хэвшлийн хариуцах болон хэрэглэгчийн сонголтоор шийдэгдэх асуудлыг төрөөс хянан зохицуулахгүй байх, иргэн, бизнесийн байгууллагыг торгож шийтгэхээсээ илүү үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлнэ, хяналт шалгалтын эрсдэлд тулгуурласан, бизнест ээлтэй, ил тод, мэргэжлийн зарчмуудыг баримтлан ажиллан, орон нутгийн засаг захиргааны хүрээнд хяналт шалгалтыг орлого төвлөрүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах явдлыг таслан зогсоох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Олон улсын бага хурлаар Монголд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд зөвшөөрөл олгох, бизнесийн хяналт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар сүүлийн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн шинэчлэлийн үр дүнг хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34396
0 эможи
keyboard_arrow_up