АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзана
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Франц улс, Монгол Улс, БНХАУ-д хийх айлчлал эхэллээ. Тэрбээр энэ сарын 2-4-ний өдрүүдэд Парист гурван өдөр саатаж, Ойрхи Дорнодод энх тайван байдлыг тогтоох асуудлаар Сайд нарын түвшний уулзалтад оролцоно. Өнөөдөр эхэлж буй уулзалтаар Палестин, Газын зурвас болон Израйлийн байр суурийг онцлон хэлэлцэх аж. Сайд нарын түвшний 28 төлөөлөгч Парис хотод хүрэлцэн ирээд байна гэж Францын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Энэхүү уулзалт нь Израйль-Палестиний энхийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх зорилготой юм байна. Түүнчлэн Ирак, Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг хамтын ажиллагааны талаар Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эйротай ганцаарчлан уулзана гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэн байна. Францад болох уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад нэг өдрийн айлчлал хийх бөгөөд Төр засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзана гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Харин энэ сарын 5-7-ны өдрүүдэд Жон Керри АНУ-ын Сангийн сайд Жэк Льюгийн хамт Бээжин хотноо болох АНУ-БНХАУ-ын хоорондын Стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээний найм дахь удаагийн уулзалтад оролцох ажээ.