Ж.Батзандан: Хорооны иргэд хороогоо мэддэг эрх мэдэлтэй болъё
УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойрогтоо ажиллаж байна. Ж.Батзандан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон шинээр батлагдсан хууль тогтоолын талаар иргэд сонгогчдод мэдээлэл өгөх тайлангийн уулзалтаа өчигдөр нийслэлийн БЗД-ийн 11 дүгээр хорооны Хонхор өртөөнөөс эхлүүллээ. Тэрээр уулзалтынхаа эхэнд “Ахмадууд, 11дүгээр хорооныхон, хонхорынхон намайг МУ-ын парламентад шударга ёсны дуу хоолой байгаарай, үнэний дуу хоолой байгаарай, иргэдийнхээ талд зогсоорой, офшор данстнуудыг илрүүлээрэй гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг зогсоогоорой гэж захисан. Мөн хагас жилийн өмнө уулзахдаа жагсаалтыг байхгүй болгож өгөөрэй, хамтын тэтгэвэрийн хуулийг баталж өгөөрэй гэж явуулсан. Хамтын тэтгэвэрийн хууль батлагдсан, удахгүй хэрэгжинэ. Жагсаалтыг байхгүй болгосон.” гэлээ.
Хонхор өртөөний айл өрхүүдийн хувьд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол зам гэдгийг энэ үеэр иргэд онцлон ярьж байлаа.
УИХ-ын гишүүн гэдэг МУ-ыг төлөөлж ажиллах үүрэгтэйн хувьд УИХ-ын гишүүн Ж.Батзандан эрх зүйн чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийв. Тухайлбал, Эрүүгийн хуульд оруулсан шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Жишээ нь гэмт этгээд хоригдоод хохирогч хохироод үлддэг байдлыг өөрчилж, хохирлыг нь барагдуулдаг болсон байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн тухай мэдээлэл өглөө. Энэхүү хуулиар гэр бүлийн хүчирхийллийн асуудалд төр оролцдог болсон гэдгийг дуулгасан юм. Хуулиудын танилцуулга хийхийн хамт тус хорооны иргэдэд тулгамдсан нийгмийн олон асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, нийтийн тээвэр, хорооны өрхийн эмнэлэг байгуулах, сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах, дүүргийн спорт цогцолбор барих, худаг барих, хүүхдийн тоглоомын талбай байгуулахзэрэг хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлын мөнгийг шийдвэрлэжээ. Тус нутаг дэвсгэрт оршин суугчид сайн хашаа, сайн оюутан, сайн бизнес, сайн малчин хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийн талаар мөн мэдээллээ.
Энэ мэтчилэн олон талын тайлан мэдээлэл хийсний дараа иргэдийн асуултад хариулт өглөө. Тухайлбал:
Иргэн н.Баатарсүрэн: Сургуулийн худгаас амь зуулгаа явуулдаг 10 гудамж бий. Гэтэл ус өгөхгүй гэдэг болсон. Тиймээс зөөврийн худаг барьж өгөөч. Мөн сургалтын программыг ойлгохоо байлаа. Гадаадын улс орон монголоос шал өөр. Багш нар ч хичээл заахаа байж. Гэрийн даалгавараа хийж байна гэж шөнө дөл болтол хүүхдүүд суудаг болсон.
Ж.Батзандан: Зөөврийн худгийг 14 хоногийн дотор шийдвэрлэхээр Хөдөлмөрийн хэлтсийн даргад үүрэг өгье. Мөнгө санхүүг нь тавьсан байгаа. Ер нь 10 хороонд зөөврийн худаг байгуулахаар төлөвлөсөн байгаа юм. Сургалтын асуудлаар сургуулийн захиралтай уулзана.
Иргэн Д.Пүрэвжав: АТГ гэх мэт олон шалгадаг газар байна. Тус тусдаа толгойтой энэ олон юмыг нэг толгойтой болгож Төрийн хянан шалгах хороо гэж бүрэн эрх мэдэлтэй байгууллага баймаар байна. Энийг өргөдлөөр нь оруулж өгвөл сайн байна.
Ж.Батзандан: Төрийн хянах хороо гэж байгуулж төрийн хариуцлагыг чангатгамаар байна гэлээ. Энэ чиглэлээр ажил хийж байгаа. Би энэ чиглэлээр байр сууриа хатуу илэрхийлээд үнэхээр монголоо хариуцлагатай, шударга орон болгоноо. Удахгүй хулгай биш хөдөлмөр хийдэг орон болно.
Иргэн н.Наранхүү: Сургуулийнханд газар олгосон юм. Гэтэл тэр газар дээр бага сургууль барина гээд газраа чөлөөл гээд байна. 88-р сургуульд 400 хүрэхгүй хүүхэд сурдаг. Тэгвэл Ургах нарангаас хотын төвд сурдаг олон хүүхэд бий. Тиймээс сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Ургах наранд бариулмаар байна. Ер нь яагаад энэ өргөн уудам газар нутгийг тэнцвэртэй олгож болдоггүй юм бэ. Анхаарал татсан нийгмийн асуудал зөндөө байгаа. Намайг зам гаргасны төлөө цагдаа барьж арга хэмжээ авч байсан. Гэтэл тэрийг нь түрээд айл хашаа барьж байна шүү дээ.
Ж.Батзандан: 2000 оноос хойш газар хувьчлал явагдахад одоо Улаанбаатарын хүн амын дөнгөж 10 хувь нь газраа авсан байна. 10, 20 км л явахад газар байгаад байдаг. Гэтэл иргэд Улаанбаатартаа авна гээд суугаад байдаг. Ингээд газар нь олддоггүй зовлон байна. Гэхдээ хашаагаа барьчихсан иргэд маань газар өмчлөх, эзэмших гэрчилгээгээ аваад эхэлчихсэн. Хонхорт ч газар авах боломж байгаа. Хогийн цэгийг цэвэрлээд, мөн төмөр замын хамгаалалтын шугамыг нааш цааш нь болгож байгаад газар гаргаж болно. Газрын маргааныг шийдэхийн тулд цахим системээр шударгаар олгодог болсон. Дэд бүтэц хөгжөөгүй газруудаа дүүрэг олгоё, дэд бүтэцтэй газруудаа нийслэл олгоё гэсэн хувилбараар явсан. Гэхдээ одоо бүгдээрээ хороондоо хороогоо өөрсдөө мэддэг болъё гэсэн концепц руу орох хэрэгтэй. Хорооны зовлонг хорооны иргэд л мэднэ. Бага сургууль, цэцэрлэгийн тухайд Ургах наран луу шилжүүлэх хүсэлтэй байгаа гэж ойлгож анхааралдаа авлаа.
Иргэн н.Должин: 1958 онд Орос, Монгол хоёр орны төмөр замын томоохон ААН-ийн хамтран байгуулсан Хонхор өртөөг одоо болохоор хортой учир хүн байж болохгүй гэдгийн учир нь юу юм бэ?
Ж.Батзандан: Өргөдлийн байнгын хороо Хонхорынхоо иргэдэд зориулж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энд хорт цацраг байна гэдэг. Тэгэхээр хуульд нь өөрчлөлт оруулахгүй бол болохгүй юм байна. Бүх шатны дарга нартай нь уулзъя. Айл бууж болохгүй гэсэн хэмжээ заасан байгаа. Тэр хэмжээг нь багасгаж өгөөд энэ хэдэн айлуудад зөвшөөрлийг нь өгч болохоор байгаа юм. Ингээд зөвшөөрлийг нь авчихаар цацрагийн хордлого иргэд тусвал хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал гарна. Тиймээс би албан ёсны шинжээчдийн баг гаргаад хордлого байгаа эсэхийг тогтоолгоё. Хордлоготой байсан юм бол 1958 онд яагаад айлууд буулгаж, зөрлөг яагаад байгуулсан юм бэ. Үнэхээр хордлого байхгүй бол хуулийг нь өөрчлөөд газрыг нь өгүүлнэ. Хэрэв хордлоготой бол зөвшөөрлийг нь өгүүлж чадахгүй шүү дээ. Болох талаас нь асуудалд хандахыг хичээж байгаа шүү.
Ийнхүү иргэдийн асуултад хариу өгч, олон асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Уулзалтын төгсгөлд "Ер нь зам байгуулахаар Хонхор олон хүн амтай болно. Тиймээс сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Хонхорт төлөвлөсөн." хэмээн онцолсон юм. Налайхын замыг зургаан урсгалтай болгож шинэчлэн засахаар төлөвлөөд буй. Харин Налайхын замаас Хонхорын төв хүрсэн 2 км замын ажил энд эхэлжээ.
Сургууль, цэцэрлэгийн цогцолборын тухайд Эмийн ургамал руу шилжүүлэхээр холбогдох байгууллагад нь санал хүргүүлсэн хэмээн тус хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхан мэдээллээ.
ӨБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан тойргийнхоо ард иргэдтэй уулзах тайлангийн уулзалт үргэлжилж байна.