МАН: Оффшорт холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл алга
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дараа нь бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төслийг 2013 онд санаачилж УИХ-д өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байсан юм. Тиймээс энэ хуулийн төслийг МАН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжжээ.Бүлгийн дарга С.Бямбацогт “Нэмэлт өөрчлөлтөөр төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд оффшор данстай байхыг, оффшор компанид хувьцаа эзэмшихийг хориглосон заалт орж ирж байгаа. Үүнийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсын иргэн байхыг хориглосон, гадаадын иргэнтэй гэр бүл байхыг хориглосон заалтууд орж ирж байгаа. Мэдээж гадаад улсын иргэн байж Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашина гэдэг хариуцлагагүй зүйл. Тийм болохоор энэ бол байж болохгүй. Харин Монгол Улсын иргэн гадаад улсын иргэнтэй хамт амьдарч төрийн албан тушаал хашиж болох уу, үгүй юу гэдгийг сайн бодолцох хэрэгтэй. Энэ бол хүний эрхийн асуудал. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой” гэв.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Ардчилсан намын дарга оффшор данстай гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Аливаа иргэнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байж эрхийг нь хасах асуудал яригдана. Гэтэл өнөөдөр оффшор компанийн хувьцаа эзэмших нь хууль зөрчиж байгаа үйлдэл тул нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй. Мөн оффшор компанийн хувьцаа эзэмшиж болохгүй гэдгийг хязгаарласан зохицуулалт хуулинд байхгүй. Зөвхөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх дэгд “Ял эдэлсэн, ялтай байж болохгүй, банкны хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх” гэж хориглож, хязгаарласан заалт байдаг. Үүнтэй холбоотойгоор оффшор дансанд хувьцаа эзэмшиж байгаа нэгнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй. Бид аль болох хүний эрхийг дээдлэх ёстой. Хууль хяналтын байгууллага оффшор данстай байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү биш үү гэдгийг шалгаж тогтоох ёстой байх.
Авлигатай тэмцэх тухай, Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хуулийг 2007 онд баталсан. 2012 онд Нийтийн болон төрийн албанд нийтийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль баталсан. Энэ хуулиудад ХОМ-тээ байгаа компани, үнэт цаас, дансан дахь мөнгөө ил тод бичих ёстой гэж заасан байгаа. Хэрвээ хуулийн заалт зөрчсөн бол энэ нь хууль зөрчсөн асуудал мөн. Хэрвээ хууль зөрчөөгүй бол асуудал биш. Тиймээс бид хүний эрхэнд халдаж оффшор данстай бол хадны мангаа гэсэн байдлаар хандаж болохгүй. Хууль зөрчөөгүй бол тухайн иргэн УИХ-д нэр дэвших эрх нь чөлөөтэй байгаа. Монгол Улсад 1993 оноос 2013 оныг хүртэл гадаадын улс орнуудаас 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнээс найман тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл “Гадаадын хөрөнгө оруулалтаар манай улс хөгжиж, эдийн засаг сайжирсан. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээснээс болж өнөөдөр эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал муудаж байна” гэж бид ярьдаг. Тэгвэл гадаадаас орж ирж байгаа нийт хөрөнгийн дийлэнх нь оффшор бүсүүдээс орж ирдэг юм байна. Монгол Улсад хөрөнгө оруулалттай нийт аж ахуйн нэгжүүдийн 920 нь оффшор компани юм байна. Жишээлбэл, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү калл” зэрэг компаниуд бүгд оффшор компани юм байна. Ингээд үзэхээр оффшор компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан уу, хууль зөрчсөн үү гэдэг асуудал. Оффшор компанийн хувьцаа эзэмшиж байгаа, данстай нөхөд хуулийн хүрээнд олсон орлогоороо оффшор компанийн данстай болсон уу, хууль бусаар олсон орлого, авлига авсан мөнгөөрөө тэр компанийн хувьцааг авсан уу гэдгээрээ ялгаатай байх ёстой. Оффшор болгоныг муухай гэж болохгүй.