С.Оюун: Би сонгуульд нэр дэвшихгүй
Иргэний Зориг Ногоон нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болсон. Учир нь Сонгуулийн Ерөнхий хороо тус намыг бичиг баримтын зөрчилтэй хэмээн бүртгээгүй билээ. Иймд тэд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор болж, санал тавиад байгаа.
ИЗЗН-ын гурван дарга сонгуульд оролцох байр суурьд нэгдэж чадаагүй байгаа бөгөөд С.Оюун болон С.Дэмбэрэл нар нь АН-д нэгдэх саналтай байгаа билээ. Тиймээс намын дарга Ц.Ганхуягтай санал зөрөлдөж байгаа аж. Нэгэнт ИЗЗН сонгуульд оролцож чадахгүй учраас намын гишүүд болон дарга нар нь АН-аас нэр дэвших хүсэлтэй байгаа.
СЕХ-ны даргын хэлснээр, тухайн намын гишүүн өөр намаас сонгуульд нэр дэвших боломжгүй. Тэгэхээр намын гишүүнчлэлээсээ татгалзаж, АН-д элсэх болох нь. Үүний нэг жишээ нь МҮАН-ын М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д элссэн явдал билээ.
С.Оюун, С.Дэмбэрэл нарын хувьд намын дарга. Тэд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй. Тэднийг албан тушаалаас нь чөлөөлөхийн тулд намын Их хурал хуралдах шаардлагатай болно. Гэвч цаг хугацаа, боломж байхгүйгээс тэдэнд энэ сонгуулийг өнжих үү гэдэг асуулт тулгарч байна. Энэ талаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюунаас тодрууллаа.
-Таныг Ардчилсан намд элсэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Би Ардчилсан намд элсэхгүй. Худлаа мэдээлэл гарсан байна.
-Сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үг үү?
-Дэвшихгүй ээ. Харин манай намынхан дэвшинэ.