Эмэгтэйчүүдийн квотыг хасахыг эсэргүүцлээ

2016 оны 5 сарын 04

Улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллага, УИХ дахь эмэгтэй гишүүд хамтраад өчигдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын чуулганаар намын жагсаалтаар 28 гишүүн сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг өнөөдөр шийдэх аж. Дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуулийг өөрчлөхийг далимдуулан эмэгтэйчүүдэд олгосон 30 хувийн квотыг хасах, бүр үгүй болгох тухай хоёр том намын дарга болон зарим эрэгтэй гишүүн ярьж эхэлсэн юм байна. Оны өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөн батлахдаа эмэгтэй гишүүдийн санаачилгаар квотыг 30 болгож нэмэгдүүлсэн байсан билээ. Үндсэн хуульд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй гэж заасан. Мөн НҮБ-ын хөгжлийн тавдугаар зорилтод ч эмэг- тэйчүүдийн оролцоог дэмжихийг тусгасан. Энэ бүх зорилтоос ухрахаар ярьж буй эрэгтэй гишүүдийг ирэх сонгуульд дэмжихгүй байхыг бүсгүйчүүд сонгогчдоос хүсэв.

МАН, АН, ИЗНН, МАХН, ИХН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл үүний эсрэг эвлэлдэн нэгдэж тэмцэхээр болж буй гэнэ. 2011 онд Сонгуулийн хуульд бүсгүйчүүдэд 20 хувийн квот тогтоосноор УИХ-д 11 эмэгтэй сонгогдсон. Энэ бол бүсгүйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд квот маш их үүрэгтэй гэдгийн баталгаа хэмээн гишүүн Л.Эрдэнэчимэг онцолсон. Мөн 11 хүн сонгогдоогүй бол Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хүүхдийн эрхийн зэрэг нийгэмд ач холбогдолтой олон хуулийг баталж чадахгүй байсныг С.Одонтуяа гишүүн сануулсан юм. Нийт сонгогчийн 51 хувь нь эмэгтэйчүүд, энэ бүхэн нь тэдний сонгогдох эрхийн асуудал гэлээ. 2005 онд Сонгуулийн хуульд бүсгүйчүүдэд 30 хувийн квот олгон баталсан ч хэрэглэхээсээ урьтаж, 2007 онд З.Энхболдын санаачилгаар хүчингүй болгосон түүхтэй. Энэ эрхэм УИХ-ын дарга болмогцоо дээрх үйлдлээ давтах ёсгүй учраас улс төрийн эл хүчирхийллээ зогсоохыг тэд шаардав. Уг шаардлагаа тэд тус тусын намын удирдлагад өнөөдөр хүргүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32635
0 эможи
keyboard_arrow_up