Өнөөдөр Монгол Улсын Генералуудад хүндэтгэл үзүүлнэ
Жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү түүхэн ойн хүрээнд Монгол Улсад Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээ 11.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Монголын Генерал цолтонуудтай холбоотой цөөн тоо баримтыг хүргэж байна
Анх генерал цолыг Франц Улсад XVI зуунаас хэрэглэж ирсэн бол Орос Улсад 1657 онд I Петр хаан армидаа хэрэглэж байсан аж. Харин манай улсын хувьд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн1944 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын хувьсгалт цэргийн дарга нарыг нийтэд нь офицер хэмээн нэрлэхээр болж, цэргийн цолыг шинэчилсэн ажээ. Тус тогтоолд зааснаар маршал, генералуудын дүрэмт хувцсанд бүтэн, хагас эполет тэмдэг, офицеруудын шинель, цамцны мөрөнд погоон (мөрдэс) зүүхээр болж, түүнд алт болон мөнгөн өнгийн давхар, хошуутай, дан хагас үндэсний өлзий тэмдэг байхаар болжээ.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолыг олгосон түүхтэй. Тэр цагаас хойш Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас нийт 170 гаруй генерал цолтон төрсөн юм.
Тэдгээрээс 1944 онд анх Бүх цэргийн жанжны 1 дүгээр орлогч Ж.Лхагвасүрэн, Монголын Ардын амрийн Улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал нар Дэслэгч генерал, 1960 онд хурандаа генерал цолыг Б.Цог, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Б.Дорж, С.Равдан, Ж.Ёндон, С.Лувсангомбо, Б.Дэжид нар тус тус хүртсэн бол 1970 онд Армийн генерал цолыг Ю.Цэдэнбал, Б.Дорж нар хүртжээ. Хошууч генерал цолыг 1944 оноос эхлэн олгосоноос хойш нийт 113 хүн хүртсэн бол 2006 оноос Бригадын генерал цолыг олгож эхэлсэн байдаг.
2006 онд дэлхий нийтээр даяаршиж Монгол Улсын Зэвсэгт хүчин олон хэмжээний ажиллагаанд оролцох болсонтой уялдан холбогдох хуульд өөрчлөлт оруулж, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолыг олгож эхэлжээ. Монгол Улсад Генерал цолтон төрүүлсэн Батлан хамгаалах яам, Зэвсэг хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг 8 байгууллага байдаг бол тэдгээрээс улсын маршал 3, армийн генерал 1, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 105, бригадын генерал цолтон 33 байна. Генералуудаас Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Ж.Гүррагчаа нар Монгол Улсын баатар, мөн Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нар Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан байдаг бол Монгол Улсын Генералуудын дундаас гавьяат цолтон долоо, эрдэмтэн, доктор профессор 34 төржээ.
Тэдгээр алтан мөрдөстнүүдийн маань 80 гаруй нь амьд сэрүүн бөгөөд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэлд өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан хойч үеийн залуустаа эх оронч үзэл, сэтгэлгээг өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна. Өдгөө хамгийн өндөр настай генерал 98 настай хошууч генерал Т.Алтангэрэл гуай, хамгийн залуу генерал нь 38 настай, Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр нар юм. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Түгжавын Алтангэрэл нь 1981 оны гуравдугаар сарын 11-нд хошууч генерал цол хүртэж байжээ.